
Өнгөрсөн ням гарагт ХБНГУ-ын хоёр мужид болсон сонгууль канцлер Фридрих Мерцийн тэргүүлдэг Христийн ардчилсан холбоо (CDU) намд хүнд цохилт боллоо. Харин хэт барууны үзэлтэй AfD нам хоёр мужид хоёуланд нь дэмжлэгээ мэдэгдэхүйц нэмэгдүүлж, Германы улс төрд улам хүчтэй байр суурь эзэлж эхэлснийг сонгуулийн дүн харуулсан байна.
Зүүн хойд нутгийн Мекленбург-Өрнөд Померан мужид AfD хамгийн олон санал авч тэргүүлсэн бол Берлинд тус нам гуравдугаарт оржээ.
Ройтерсийн шинжээчдийн дүгнэснээр энэ удаагийн сонгууль Германы улс төрд дараах таван анхаарахгүй байхын аргагүй дүгнэлтийг хийж болохоор байна.
Сонгуулийн дүн Ерөнхий сайд Фридрих Мерц болон түүний CDU намд томоохон цохилт боллоо. CDU-ийн зарим сонгогч AfD-ийг дэмжих болсон нь Мерц Германы эдийн засгийг сэргээж, иргэдийн амьдралын өртгийг бууруулж чадна гэсэн итгэл суларсныг харуулж байна.
Өдгөө 70 настай Ерөнхий сайд Мерцийн нэр хүнд Германы Ерөнхий сайд нарын (канцлерууд) талаарх судалгаа хийгдэж эхэлснээс хойших хамгийн доод түвшинд хүрчээ. Хамгийн муу ерөнхий сайд гэсэн үг.
Мерц өөрөө намын авсан саналыг “Гамшиг” хэмээн тодорхойлсон. Түүнийг албан тушаалаасаа огцрохыг шаардсан дуу хоолой ч нэмэгдэж байна. Гэсэн ч тэрээр огцрох бодолгүй, амласан шинэчлэлүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсээр байгаа юм.
Ялангуяа Мекленбург-Өрнөд Померан мужид CDU-ийн авсан санал нь 1949 оноос хойших тус намын мужийн сонгуулийн хамгийн муу үзүүлэлт болсон. Энэ нь Ерөнхий сайд Мерцийн хувьд томоохон анхааруулга болж байна.
Ерөнхий сайд Мерцийн байр суурь суларч байгаа нь зөвхөн Германы дотоод улс төрийн асуудал биш. Европын холбооны хамгийн том эдийн засгийг удирдаж буй Германы канцлерийн нөлөө буурах нь Европын холбооны дотоод улс төрд ч нөлөөлж болзошгүй.
Энэ сонгуулийн хамгийн анхаарал татсан үр дүн бол AfD-ийн дэмжлэг эрс өссөн явдал байлаа. Мекленбург-Өрнөд Померанд AfD 2021 оны сонгуулийн үзүүлэлтээ хоёр дахин нэмэгдүүлж, хамгийн олон санал авсан нам болов. Энэ нь AfD хоёр долоо хоногийн дотор хоёр дахь удаагаа Германы нэгэн мужийн сонгуульд хамгийн олон санал авч байгаа тохиолдол юм. Өмнө нь тус нам Саксони-Анхальт мужийн сонгуульд мөн тэргүүлсэн.
Үндэсний хэмжээнд явуулсан санал асуулгаар AfD одоогоор 29 хувийн дэмжлэгтэйгээр хамгийн өндөр дэмжлэгтэй нам хэвээр байна.
Тус нам гадаадын иргэдийн асуудалд хатуу байр суурь баримталж, Германд оршин суух эрхгүй хүмүүсийг албадан гаргах, ОХУ-ын хямд эрчим хүчний нийлүүлэлтийг сэргээх, уламжлалт гэр бүлийн үнэт зүйлсийг дэмжих зэрэг бодлогыг санал болгож байна.
Гэхдээ AfD хүчээ авч байгаа ч засгийн эрхэнд гарахад томоохон саад хэвээр байна.
Германы бусад гол намууд AfD-тай эвсэхгүй байх “Галан хана” хэмээх улс төрийн байр суурийг баримталж байгаа юм.
Тиймээс AfD хамгийн олон санал авсан Мекленбург-Өрнөд Померанд ч засгийн газар байгуулах боломж нь хязгаарлагдмал байна. Берлинд тус нам гуравдугаарт орсон тул нөхцөл байдал мөн адил.
Сонгогчдын санал олон намд хуваагдах тусам аль нэг нам дангаараа эсвэл хоёр нам нийлээд олонх бүрдүүлэх боломж багасаж байна.
Мекленбург-Өрнөд Помераны дараагийн засгийн газрыг байгуулахын тулд гурван нам эвсэх шаардлагатай болж байгаа нь үүний нэг жишээ.
Германд өмнө нь хоёр намын эвсэл харьцангуй түгээмэл байсан. Харин одоо олон намын эвсэл байгуулах шаардлага нэмэгдэж байна.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
2021 онд Германы холбооны түвшинд байгуулагдсан Социал демократ нам (SPD), Ногоон нам болон Чөлөөт ардчилсан намын гурван талт “гэрлэн дохио” эвсэл гурван жил хүрэхгүй хугацааны дараа задарсан.
AfD-ийг засгийн эрхээс хол байлгах “Галан хана” одоогоор үйлчилж байгаа ч тус намын дэмжлэг өргөжиж байгаа нь энэ стратеги цаашид хэр удаан үргэлжлэх вэ гэсэн асуултыг бий болгож байна.
Мекленбург-Өрнөд Померанд хоёрдугаарт орсон SPD одоогийн эвслээ Зүүний нам болон Ногоон намыг оролцуулан өргөжүүлэх хувилбар хэлэлцэх шаардлагатай болж байгаа аж.
Берлинд харин сонгуульд ялсан Зүүний нам SPD болон Ногоон намтай хамтран олонх бүрдүүлэх боломжтой.
Энэ удаагийн сонгууль Германы эдийн засгийн асуудал улс төрийн сонголтод улам хүчтэй нөлөөлж байгааг харууллаа. Амьдралын өртөг нэмэгдэж, эдийн засгийн ирээдүй тодорхойгүй болсон нь улс төрийн аль ч чиглэлийн сонгогчдын дунд бухимдал төрүүлж байна.
Сонгуулийн кампанит ажил Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс шалтгаалсан шатахууны үнийн өсөлт, Германы аж үйлдвэрийн салбарт хэдэн арван мянган ажлын байр цомхотгогдож буй үетэй давхцсан.
Германы эдийн засаг олон жилийн турш өсөлт султай байгаа нь зарим сонгогчийг уламжлалт төвийн намуудаас өөр сонголт хайхад хүргэж байна.
Берлинд Зүүний нам орон сууцны хомсдол, өндөр түрээсийн асуудлыг гол сэдэв болгож, боломжийн үнэтэй шинэ орон сууц олноор барих, орон нутгийн дунджаас 20-иос дээш хувиар өндөр түрээсийг албадан бууруулах, богино хугацааны жуулчны түрээсийг хязгаарлахыг санал болгосон.
Харин AfD Мекленбург-Өрнөд Померанд ОХУ-ын байгалийн хийг Германд нийлүүлдэг Nord Stream хийн хоолойг дахин ажиллуулах санал дэвшүүлжээ.
Тус нам ОХУ-ын хийн нийлүүлэлтийг сэргээснээр эрчим хүчний үнэ буурч, иргэд болон үйлдвэрүүдийн зардал багасна гэж үзэж байна.
Энэ сонгуулийн бас нэг онцлог нь зөвхөн AfD төдийгүй зүүний чиглэлийн Die Linke буюу Зүүний нам ч хүчтэй өссөн явдал байлаа. Өөрөөр хэлбэл, сонгогчдын тодорхой хэсэг улс төрийн уламжлалт төвийн намуудаас татгалзаж, илүү баруун эсвэл зүүн чиглэлийн намуудыг сонгох хандлага ажиглагдав.
Мекленбург-Өрнөд Померанд Die Linke нам CDU-ээс 28'000, SPD-ээс 45'000 орчим сонгогчийг өөртөө татсан байна. Энэ мэдээллийг ARD телевизийн захиалгаар infratest dimap байгууллага гаргажээ.
Ялангуяа SPD-ийн уламжлалт ажилчин ангийн сонгогчдын дунд Die Linke-ийн дэмжлэг нэмэгдэж байгаа нь анхаарал татаж байна.
Мужийн ерөнхий сайд, SPD-ийн гишүүн Мануэла Швезигийн хэлснээр Украиныг дэмжих асуудал болон ОХУ-той холбоотой Nord Stream хийн хоолойг сэргээх байр суурь нь тус бүс нутгийн зарим сонгогчийг AfD руу шилжихэд нөлөөлжээ.
Берлинд SPD ойролцоогоор 36'000 сонгогчоо Зүүний намд алдсан бол Ногоон нам мөн 51'000 орчим сонгогчоо тус намд алдсан байна.
Энэ удаагийн сонгуулийн дүнгээс харахад Германы сонгогчдын улс төрийн сонголт улам хуваагдаж байна. Нэг талаас AfD баруун талаас хүчээ авч байгаа бол нөгөө талаас Die Linke зүүн талаас дэмжлэгээ нэмэгдүүлж байгаа юм.
Харин CDU, SPD, Ногоон нам зэрэг уламжлалт гол намууд сонгогчдын дэмжлэгийг хадгалах, олонх бүрдүүлэхэд улам хүнд нөхцөлтэй тулгарч байна.
Германы улс төрд эдийн засгийн өсөлт, амьдралын өртөг, эрчим хүчний үнэ, цагаачлал, Украинд үзүүлэх дэмжлэг зэрэг асуудал сонгогчдын байр суурийг улам хүчтэй тодорхойлох болжээ.
Энэ нөхцөлд Фридрих Мерцийн хувьд эдийн засгийг сэргээх, сонгогчдын итгэлийг буцаан авах, мөн AfD-ийн өсөн нэмэгдэж буй дэмжлэгт хэрхэн хариу үзүүлэх нь улс төрийн гол сорилт болж байна.








