
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Украины дайныг дэмжиж буй эсэхийг шалгах санал хураалт" хэмээн тодорхойлсон Төрийн ДУМ (парламент)-ын энэ удаагийн сонгуульд тус улсын эрх баригч “Нэгдсэн Орос” нам үнэмлэхүй ялалт байгуулах төлөвтэй байна.
Сонгуулийн санал хураалтын сүүлийн өдөр Украин ОХУ-ын нийслэл Москва хот руу өргөн хүрээний дроны дайралт хийсэн ч сонгуулийн урьдчилсан дүн гарч эхэллээ.
Улс төрийн тогтолцоо нь хатуу хяналттай ОХУ-ын парламентийн сонгуулийн эхний мэдээнүүдээс харахад “Нэгдсэн Орос” нам 57.5 хувийн саналаар илт тэргүүлж байгаа аж.
Тус намын араас Коммунист нам, хэт үндсэрхэг үзэлтэй ЛАН (Лебираль Ардчилсан Нам), “Шинэ хүмүүс” нам болон “Шударга Орос” намууд орж байгаа боловч эдгээр намууд томоохон асуудлууд дээр “Нэгдсэн Орос”-той адил байр суурьтайгаар санал өгдөг. Хэдийгээр тэд эрх баригч намаас ихээхэн саналын зөрүүтэй байгаа ч Төрийн Думын доод танхимд суудал авах төлөвтэй байна.
ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга, Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев “Нэгдсэн Орос” нам сонгуульд нэр төртэй оролцсон хэмээн мэдэгдээд энэхүү үр дүн нь оросын ард түмэн "Нэгдсэн орос" намд улс орноо цаашид удирдах итгэл хүлээлгэснийг харуулж байна гэжээ.
ОХУ-ын төрийн өндөр албан тушаалтнууд Украиныг Төрийн Думын сонгуулийг тасалдуулахыг оролдсон хэмээн буруутгасан. Киев Москва болон Оросын бусад бүс нутаг руу олон зуун дрон илгээсэн гэсэн байна. Тус улсын төрийн мэдээллийн ТАСС агентлагийн мэдээлснээр энэ дайралт нь 2022 онд дайн эхэлснээс хойших хамгийн том дайралт болжээ.
Түүнчлэн энэ удаагийн сонгууль нь ОХУ 2022 оны хоёрдугаар сард Украинтай дайтаж эхлүүлснээс хойш болж буй анхны Төрийн ДУМ-ын сонгууль юм.
Дроны халдлагын улмаас Москва орчимд гурван хүн, мөн ОХУ-ын хяналтад байгаа Украины Херсоны бүс нутагт хоёр хүн амиа алдсан байна. Тэдний нэг нь сонгуулийн албан тушаалтан байсан гэж тухайн бүс нутгийн захирагч болон сонгуулийн хороо мэдээлжээ.
Өмнө нь дроны дайралтад өртөж байсан Москвагийн газрын тос боловсруулах үйлдвэрийн нэг байгууламж оногдсон байна. Нийслэл Москва хотод санал хураалт эхлэх үеэр хотын захад байрлах уг байгууламжийн орчимд гал гарч, асар их хэмжээний хар утаа тэнгэрт суунаглаж байжээ.
Москва хотын дарга Сергей Собянин Telegram сувгаараа дамжуулан:
Дроны хамгийн том дайралтыг няцаалаа. Урьд өмнө байгаагүй өргөн, сонгууль руу чиглэсэн, тодорхой төлөвлөсөн дайралиыг бид зогсоож чадсан. Дайснууд зорилгодоо хүрч чадсангүй.
гэж мэдэгджээ.
ОХУ-ын Батлан Хамгаалах Яам Украины тал “Фламинго” далавчит пуужин харвасан гэж мэдэгдээд, сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-ын янз бүрийн бүс нутаг руу чиглэсэн 2'000 орчим дрон, мөн найман далавчит пуужинг устгасан гэж мэдээлсэн байна.
ОХУ-ын Батлан Хамгаалах Яам үүний хариуд Украины цэргийн объектуудад өгөх цохилтоо эрчимжүүлнэ гэж мэдэгджээ.
Сонгуулийн хороонуудын мэдээлснээр санал хураалтын системүүд хэд хэдэн удаагийн кибер халдлагад өртсөн байна. Гэсэн хэдий ч сонгуулийн үйл явц ерөнхийдөө хэвийн үргэлжилсэн гэж албаныхан мэдэгджээ. Цөллөгт байгаа ОХУ-ын сөрөг хүчнийхэн эрх баригчдыг эсэргүүцэж буй хүмүүсийг үд дунд санал авах байрууд дээр очиж, дараалалд зогсохыг уриалсан байна.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Энэ уриалгын дараа зарим санал авах байранд урт дараалал үүссэн боловч уг үйлдэл сонгуулийн нийт дүнд хэрхэн нөлөөлсөн нь тодорхойгүй байгаа аж.
Кремль сонгуулийн үр дүнг Путин болон түүний бодлого, Украинтай хийж байгаа дайн зэргийг ОХУ-ын ард түмэн дэмжиж буйн нотолгоо болгон харуулахыг зорьж байгаа. Дайн тав дахь жилдээ үргэлжилж байгаа ч ойрын үед дуусах шинж тэмдэг харагдахгүй байгаа юм.
ОХУ-ын Сонгуулийн төв хорооны дарга Элла Памфилова сүүлийн үеийн халдлагууд сонгогчдыг санал өгөхөөс татгалзахад хүргээгүй гэж мэдэгджээ.
Тэрээр РИА Новости агентлагт:
Украйнчууд бидэнд үзүүлэх дарамтаа нэмэгдүүлэх тусам ард олны эв нэгдэл урьд өмнө байгаагүйгээр улам бүр нэмэгдэж байна.
гэжээ.
Москвагийн цагаар ням гарагийн орой гэхэд сонгогчдын ирц 57 хувьд хүрсэн гэж Сонгуулийн төв хорооны мэдээлэлд дурджээ.
Дайныг эсэргүүцэгч нэр дэвшигчдийн дийлэнхийг сонгуулийн саналын хуудсанд оруулахгүй байх шийдвэр гаргасан. Харин либерал үзэлтэй “Яблоко” намын нэр дэвшигчид сонгуульд оролцсон. Тэд дайнаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн бухимдлыг ашиглан дэмжлэг авахыг зорьж байжээ.
Гэвч санал хураалтын өмнө тус намын хоёр өндөр албан тушаалтанд Украины дайны талаар хэлсэн үгтэй нь холбогдуулан урт хугацааны хорих ял оноосны дараа өөрсдийн эрх чөлөөнд санаа зовж байгаагаа тэд илэрхийлсэн байна.
“Яблоко” намын дарга Николай Рыбаков эсэргүүцлээ илэрхийлэхийн тулд саналын хуудсыг зориудаар хүчингүй болгож, намынхаа нэр болон “Энх тайвны төлөө” гэсэн уриаг бичжээ.
Кремль үндэсний эв нэгдлийг хадгалахад тодорхой хэмжээний цензур нь Украины талаар өөрсдийн нэрлэдгээр “Цэргийн тусгай ажиллагаа” явуулж буй энэ үед зайлшгүй шаардлагатай гэж үздэг.
Кремль Украйнтай хийж байгаа дайнаа Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших Европ дахь хамгийн олон хүний аминд хүрсэн дайн гээд, Өрнөдтэй хийж буй оршин тогтнохын төлөөх тэмцлийн нэг хэсэг хэмээн тайлбарладаг.
ОХУ Украины тагнуулын байгууллагууд болон бусад дайснууд Оросын дотоодод эмх замбараагүй байдал үүсгэх хүчин чармайлтаа эрчимжүүлж байна гэж мөн мэдэгддэг юм.
Киев ОХУ-ын Төрийн ДУМ-ын сонгуулийг “Хуурамч сонгууль” хэмээн тодорхойлжээ.
Сонгуулийн үр дүн урьдчилан тодорхой мэт харагдаж байгаа ч Берлинд төвтэй, Кремлийн шүүмжлэгч нефтийн магнат асан Михаил Ходорковскийн хамтран байгуулсан NEST судалгааны байгууллагын үзэж байгаагаар энэхүү сонгууль эдийн засгийн дарамт нэмэгдэж буй энэ үед Кремльд таагүй нөхцөл байдал үүсгэх боломжтой аж.
Ходорковскийг ОХУ-ын эрх баригчид “Гадаадын тагнуул” хэмээн бүртгэсэн байдаг.
Тус судалгааны байгууллага Коммунист нам болон “Шинэ хүмүүс” нам нь эрх баригчдын зүгээс “Нэгдсэн Орос” намд очоосой гэж хүсэж буй зарим саналыг өөртөө татаж болзошгүй гэж үзжээ.
Тус байгууллага мэдэгдэлдээ:
Дайны үр дагавар дотоодод улам бүр хүчтэй мэдрэгдэж байгаагаас хуримтлагдсан түгшүүр, бухимдал нь Кремлийн сонгуульд оролцохыг зөвшөөрсөн сөрөг хүчний намуудад өгсөн санал болон илэрч болзошгүй.
гэжээ.









