



















АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-ын бараанд ногдуулсан тарифыг бууруулж магадгүй гэсэн мэдэгдэл хийсний дараа БНХАУ АНУ-д хандан “Хэрэв тарифын хэлэлцээр хийхийг хүсэж байгаа бол дарамт, шахалт үзүүлэхээ зогсоохыг уриалсан” байна. БНХАУ-ын Гадаад Хэргийн Яамны төлөөлөгч Го Жиакүн өнөөдөр “Хэрвээ АНУ хэлэлцээр хийхийг хүсэж байвал сүрдүүлэх, дарамт, шахалт үзүүлэхээ зогсоох ёстой” хэмээн мэдэгдсэн.
Тэрээр АНУ нь БНХАУ-тай хэлэлцээ хийхийн зэрэгцээ хэт дарамт үзүүлж байна хэмээн буруутгаад, ийм арга барил нь “БНХАУ-тай харилцах зөв арга биш” хэмээн анхааруулсан юм.
БНХАУ-ын төрийн төв хэвлэл “Шинхуа” агентлагийн өнөөдөр нийтэлсэн нийтлэлд тус улсын дарга Ши Жиньпинийн тариф болон худалдааны дайны талаарх өргөн цар хүрээтэй үр дагаврыг сануулсан байна. “Тарифаас үүдэлтэй худалдааны дайн нь бүхий л улсын хууль ёсны эрх ашигт сөргөөр нөлөөлж, олон улсын худалдааны системд хохирол учруулж, дэлхийн эдийн засгийн дэг журмыг алдагдуулдаг” хэмээн Ши Жиньпин дарга өөрийн улсад төрийн айлчлал хийж буй Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиевтай уулзах үеэрээ хэлсэн ажээ.
БНХАУ-ын дээд түвшний удирдагчдын эдгээр мэдэгдэл нь Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр БНХАУ-ын бараанд ногдуулсан 145 хувийн тарифыг бууруулж магадгүй гэсэн ерөнхийлөгч Доналд Трампын мэдэгдэлтэй холбоотой.
Ерөнхийлөгч Доналд Трамп “Тариф”-ын хувь тийм өндөр байхгүй, өндөр байхгүй... хэмээн тодотгож хэлсэн байна. Тэрээр мөн БНХАУ-тай хийх гэрээ хэлэлцээр “Маш хурдан” хийгдэж магадгүй гэж үзэж байгаагаа илэрхийлснээс гадна, илүү эв зүйг эрхэмлэсэн байр суурьтай байгаагаа харуулж “Бид хүнд хэцүү тоглоом тоглохгүй” гэж нэмж онцолжээ. АНУ-ын Ерөнхийлөгч өөдрөг байр суурь илэрхийлж, харилцан ашигтай үр дүнд хүрэх боломжтойг онцлоод “Тэдэнд (БНХАУ) таатай санагдаж, баяртай байх болов уу гэж бодож байна. Бид хамтдаа ажиллаж, хамтдаа сайхан амьдрах боломжтой” гэсэн байна.











