



















Хамасын удирдагчийн эхнэр Газагаас нууцаар Турк руу зугтжээ. Самар Мухаммад Абу Замар хуурамч паспорт ашиглан, их хэмжээний бэлэн мөнгөтэйгээр Газагаас гарсан гэсэн мэдээлэл газар авч байна.
2024 оны 10-р сарын 7-нд Хамас бүлэглэлийн Израйль улс руу хийсэн халдлагын гол зохион байгуулагч болох Хамасын удирдагч Яхья Синварын эхнэр Самар Мухаммад Абу Замар Газагаас хуурамч паспорт ашиглан гарч зугтахдаа их хэмжээний бэлэн мөнгө авч явсан бөгөөд Туркт улсад дахин гэрлэсэн тухай Израилийн Ynet сайтын мэдээлэлд дурджээ.

Синвар Израилийн цэргүүдэд алагдсаны дараа (2024 оны 10-р сард) түүний эхнэр хэдхэн сарын дотор дахин гэрлэсэн гэж уг мэдээнд дурдсан байна. Эх сурвалжуудын хэлснээр түүний хурим болон Туркт суурьших ажиллагааг Хамасын улс төрийн товчооны гишүүн Фатхи Хаммад зохион байгуулсан аж. Хаммад өмнө нь террористууд болон тэдний гэр бүлүүдийг нуун дарагдуулах оролдлоготой холбогдож байжээ.
2024 онд Абу Замарын Хамасын нууц хонгилд брэндийн цүнх барин алхаж буй бичлэг цацагдсан бөгөөд уг бичлэгийг 10-р сарын 7-ны халдлагаас хэдхэн цагийн өмнө хийсэн гэж үздэг.
Хэдийгээр уг мэдээллийг албан ёсоор батлаагүй ч Израилийн хэвлэлүүд өргөнөөр цацаж байна.
Хамас өөрсдийгөө Израилийн эсрэг Палестины эсэргүүцлийн гол хүчин хэмээн тодорхойлдог ч жирийн Газа иргэдийн зовлонг далимдуулан өөрсдөө ашиг хонжоо хүртдэг хэмээн олонтаа буруутгагдаж ирсэн.
Ynet-ийн мэдээлснээр, Израилийн аюулгүй байдлын нэгэн албан хаагч Абу Замар болон Яхья Синварын дүү, дараагийн удирдагч Мухаммед Синварын эхнэр Нажва Синвар нар Рафаа хилийн боомтоор хуурамч паспорт ашиглан гарсан гэжээ.
“Тэр энд байхгүй болсон — Рафаагаар хуурамч паспорт ашиглан гарсан” гэж эх сурвалж хэлж байна.
“Энэ зугталт нь өндөр түвшний зохион байгуулалт, тээврийн дэмжлэг болон жирийн Газачуудын хүрч чадахааргүй их хэмжээний мөнгө шаардсан ажиллагаа гэжээ.”
Тэдний зугтахад тусалсан сүлжээ нь Хамасын удирдагчдын гэр бүлүүдийг аврах зорилготой нууц сүлжээ байсан гэж үзэж байгаа аж.
Энэхүү мэдээлэл нь 19 сар үргэлжилсэн дайн, энгийн иргэдийн зовлонгийн дунд Хамасын эсрэг улам бүр нэмэгдэж буй Палестинчуудын уур бухимдлын дунд гарч ирж байгаа юм.
Бүс нутаг даяар тансаг амьдралтай Хамасын удирдагчдын зураг, бичлэгүүд олон нийтийн шүүмжлэлийг улам бүр дагуулж байна.
Газа нутгийн нэгэн энгийн иргэн хэлэхдээ:
“Тэд өөрсдийн хүүхдүүдийг Турк, Катарт сургуульд явуулдаг. Харин бидний хүүхдүүдийг булш руу илгээдэг.
Арабын бусад авлигад идэгдсэн удирдагчдаас тэд юугаараа ялгаатай гэж?
Тэд зөвхөн өөрсдийнхөө төлөө л санаа тавьдаг.”
Хамасыг одоо Изз аль-Дин аль-Хаддад гэх цорын ганц амьд үлдсэн командлагч удирдаж байгаа гэж үздэг.
Хамасын үлдэгдэл бүтцийг олж холбогдох бэрхшээлээс болж барьцааны хэлэлцээ удааширсан хэвээр байна.
Газад байсаар буй хэсэг бүлэг дайчид Израилийн арми (IDF)-д тогтмол хохирол учруулж байгаа ч Хамас одоо өргөн цар хүрээтэй зохион байгуулалттай цэргийн ажиллагаа явуулах чадваргүй болсон гэж Израйлийн хэвлэлд бичжээ.











