



















Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын сөрөг хүчний консервативууд ням гарагт болсон "Үндэсний сонгууль"-д ялалт байгуулсны дараа дараагийн канцлераар тодроод буй Фридрих Мерц Европыг АНУ-аас “Жинхнээр нь тусгаар тогтнолтой” болгохыг зорьж буйгаа илэрхийлэв. 69 настай Мерц нь канцлер Олаф Шольцын гурван намын эвсэл бутарсны дараа хуваагдсан сонгуулийн үр дүнд хэт барууны Alternative Fur Deutschland (AfD-Германы хувилбар) нам түүхэн амжилт үзүүлэн хоёрдугаарт орсонтой холбоотойгоор төвөгтэй, удаан үргэлжлэх эвслийн хэлэлцээг хийх шаардлагатай болж байна.
Голлох намууд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын холбоотон, технологийн тэрбумтан Илон Маск зэрэг нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэгийг авсан AfD намтай хамтрахгүй гэдгээ мэдэгдсэн. Засгийн газарт албан тушаал хашиж байгаагүй Мерц нь эдийн засгийн уналтад орсон, цагаачлалын асуудлаар хуваагдсан Германы нийгэм, мөргөлдөөнтэй Орос, хүчирхэгжиж буй Хятад болон АНУ-ын дунд хавчигдсан аюулгүй байдлын орчинтой нүүр тулж байна.
АНУ-ыг шүүмжилсэн мэдэгдэл
Ялалт байгуулсны дараа Мерц АНУ-ыг хатуу шүүмжилж, сонгуулийн кампанит ажлын үеэр Вашингтоноос ирсэн “Туйлын доромж” мэдэгдлүүдийг ОХУ-ын дайсагнасан оролцоотой зүйрлэв. “Бид хоёр талаасаа асар их дарамтад байна. Миний тэргүүн зорилт бол Европын нэгдлийг хангах явдал. Европыг нэгтгэх бүрэн боломжтой” гэж тэрбээр бусад удирдагчидтай хийсэн уулзалтын үеэр онцолжээ.
АНУ-ыг шүүмжилсэн мэдэгдэл гаргасан ч Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн үр дүнг сайшаав. “АНУ-тай адилхан Германы ард түмэн олон жилийн турш давамгайлсан утгагүй бодлого, ялангуяа эрчим хүч, цагаачлалын асуудалд залхсан” гэж Трамп "Truth Social"-д сэтгэгдлээ илэрхийлжээ.
Өмнө нь "Трансатлант"-ын харилцааг дэмждэг гэж үзэгддэг байсан Мерц Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргааг “Европын хувь заяанд үндсэндээ хайхрамжгүй ханддаг” гэж шүүмжилсэн. Мөн тэрбээр “Европыг аль болох хурдан хүчирхэгжүүлж, АНУ-аас алхам алхмаар жинхэнэ тусгаар тогтнолтой болгох” нь өөрийн туйлын зорилт гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
Тэр ч байтугай “Олон арван жилийн турш Европын аюулгүй байдлыг хангаж ирсэн НАТО ирээдүйд одоогийн хэлбэрээр оршин тогтнох эсэх” талаар ч асуулт тавив.
Сонгуулийн үр дүн, эвслийн хэлэлцээ
Цагаач гаралтай хүмүүс сэжигтнээр татагдсан хүчирхийллийн халдлагуудын улмаас сонгуулийн кампанит ажил хурцадсан бөгөөд Германы Христийн ардчилсан холбоо (CDU) болон Христийн нийгмийн холбоо (CSU)-ын эвсэл 28.5%-ийн санал авч, тэргүүлсэн боловч AfD нам 20.5%-ийн саналтайгаар хоёрдугаар байранд оржээ.
Өмнөх сонгуулиас бараг хоёр дахин олон санал авсан AfD нам (Германы хувилбар) энэ амжилтыг зөвхөн эхлэл хэмээн үзэж байна.
"Манай намын засгийн газар байгуулахад үргэлж нээлттэй хэвээр байх болно" гэж AfD-гийн удирдагч Алис Вайдел мэдэгдэж, "Дараагийн удаа бид сонгуульд тэргүүлэх болно" гэж онцолжээ.
Мерцийн сорилт
Мерц хүчтэй байр суурьгүйгээр эвслийн хэлэлцээнд орж байна. "CDU/CSU" эвсэл хамгийн олон санал авсан ч энэ нь тэдний Дэлхийн II дайнаас хойшхи хоёр дахь хамгийн муу үр дүн юм. Нэг эсвэл хоёр намтай хамтран эвсэл байгуулах шаардлагатай эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд жижиг намуудын хувь заяа парламентын бодлого тодорхойлоход ихээхэн нөлөө үзүүлж болзошгүй байна.
Хэрэв гурван талт эвсэл байгуулагдвал илүү тогтворгүй болж, Германы удирдах чадварт сөргөөр нөлөөлж болзошгүй юм.
Канцлер Шольцын Социал демократ нам (SPD) 16.5%-ийн санал авч, Дэлхийн II дайнаас хойшхи хамгийн муу үр дүнд хүрчээ.
Залуу сонгогчдын хүчтэй дэмжлэг авсан хэт зүүний "Die Linke" нам 8.7%-ийн санал авчээ.
Чөлөөт ардчилсан нам (FDP) болон шинэ нам болох Сахра Вагенкнехтийн эвсэл (BSW) 5%-ийн босгыг давах эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
“Гурван намын эвсэл нь улс төрийн тогтворгүй байдлыг бий болгож, AfD намын хүчирхэгжилтийг сааруулах боломжийг алдах эрсдэлтэй” гэж "ING" банкны дэлхийн макро эдийн засгийн газрын дарга Карстен Бржески дүгнэв. “Шинэ засгийн газар бодитой өөрчлөлт авчрахгүй бол гадаадын хөрөнгө оруулалт зогсонги байдалд орж, Германы эдийн засгийн төлөв байдал улам муудна” гэж тэрбээр нэмж хэлжээ.
83%-ийн ирцтэй болсон энэ удаагийн сонгууль 1990 оны нэгдүгээр сард болсон сонгуулиас хойшхи хамгийн өндөр ирцтэй сонгууль байлаа. Эрэгтэй сонгогчид барууны намуудыг түлхүү дэмжсэн бол эмэгтэй сонгогчид зүүн төвийн намуудад илүү санал өгсөн байна.
Шольцын "Үүрэг гүйцэтгэх" засаглал
Эдийн засгийн либерал үзэлтэй, консервативуудыг баруун тийш чиглүүлсэн Мерц нь Германы өмнөх канцлер Ангела Меркелийн эсрэг тэсрэг дүр гэж тооцогддог. Тэрбээр Украиныг холын тусгалтай Taurus пуужингуудаар хангахыг дэмжих байр суурьтай бөгөөд Европыг НАТО-д баттай суурилсан гэж үздэг.
Ням гарагт болсон сонгууль өнгөрсөн арваннэгдүгээр сард Шольцын SPD, Ногоонтнууд, FDP намуудын эвсэл төсвийн зарцуулалтын маргаанаас болж задарсны дараа ийнхүү явагдав. Эвслийн хэлэлцээ удааширвал Шольц хэдэн сарын турш "Үүрэг гүйцэтгэгч канцлер" хэвээр үлдэж, Германы эдийн засгийг сэргээх, дэлхийн өрсөлдөөнтэй тулгарах бодлогын хэрэгжилтийг хойшлуулж болзошгүй.
Мөн энэ удаашрал нь Европын төвд удирдлагын хоосон орон зай бий болгож, Трампын худалдааны дайн эхлүүлэх заналхийлэл, Украины гал зогсоох хэлэлцээрийг Европыг оролцуулахгүй урагшлуулах оролдлого зэрэг сорилтуудтай тулгарахад хүндрэл учруулж болзошгүй байна.
Alternative fьr Deutschland (AfD) буюу "Германы хувилбар" нам нь 2013 онд байгуулагдсан, Германы хэт барууны үзэлтэй улс төрийн нам юм.
AfD-гийн онцлог, үзэл баримтлал:
1. Цагаачлалын эсрэг хатуу бодлого – AfD нь Европын холбооны цагаачлалын бодлогыг хүчтэй эсэргүүцдэг бөгөөд Германд хууль бус цагаачдыг хөөх, орогнол хүсэгчдийн эрхийг хязгаарлах, хилээ илүү хатуу хянахыг шаарддаг.
2. Европын Холбооны (ЕХ) эсрэг байр суурь – Тэд Германы тусгаар тогтнолыг бэхжүүлэхийг хүсэж, ЕХ-ны төвлөрсөн эрх мэдлийг бууруулах эсвэл бүрмөсөн гарахыг (Dexit) дэмжих хандлагатай байдаг.
3. Үндсэрхэг үзэл, Германы соёлыг хамгаалах – AfD нь Германы уламжлалт үнэт зүйлсийг хамгаалахыг уриалж, олон соёлт байдлыг эсэргүүцдэг.
4. Орос, НАТО-гийн талаар зөрчилтэй байр суурь – Намын зарим гишүүд НАТО-г сулруулах, Оростой илүү сайн харилцаа тогтоохыг дэмждэг бол зарим нь Германы батлан хамгаалах чадамжийг нэмэгдүүлэхийг хүсдэг.
5. Ковид-19 ба хуйвалдааны онол – Тэд цар тахлын эсрэг арга хэмжээг хэтэрхий хатуу байсан гэж үзэж, зарим гишүүд нь вакцины эсрэг байр суурьтай байсан.
Сонгууль, улс төр дэх нөлөө:
AfD нь 2017 онд анх Холбооны парламент (Бундестаг)-д суудал авч, хэт барууны үзэлтэй анхны томоохон улс төрийн хүчин болсон.
2021 оны сонгуулиар тэд 10%-ийн санал авч, сөрөг хүчний гол намуудын нэг хэвээр үлдсэн.
2025 оны сонгуулиар тэд 20%-иас дээш санал авч, Германы хоёр дахь том нам болоод байна.
AfD ба бусад намууд:
Германы гол намууд (CDU/CSU, SPD, Ногоонтнууд, FDP) AfD-тай хамтрахыг эрс татгалздаг.
Гэсэн хэдий ч тус намын нэр хүндийн өсөлт нь Германы улс төрийн тогтвортой байдал, эвсэл байгуулах үйл явцыг улам төвөгтэй болгож байна.
AfD нь Германы улс төрийн тайзан дээр маргаан дагуулсан, хүчтэй хуваагдмал хандлагатай нам бөгөөд тэдний үйл ажиллагаа нь ганц ХБНГУ-д ч төдийгүй Европт улс төрийн өөрчлөлт авчрах магадлалтай.











