



















Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын хил орчмын нэгэн тосгонд санамсаргүй бөмбөг хаясны дараа Хойд Солонгос анхааруулга гаргаж, "дэлхийн анхны цөмийн дайн" эхлэх аюул ойрхон болсныг онцоллоо. Newsweek сэтгүүл АНУ-ын Батлан хамгаалах яам болон Өмнөд Солонгосын Элчин сайдын яаманд тайлбар авах хүсэлт илгээсэн байна.
Сүүлийн жилүүдэд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун-ын пуужингийн туршилтууд, 2018 оны Хойд ба Өмнөд Солонгосын цэргийн хэлэлцээр нуран унаснаас үүдэн солонгосын хойгийн нөхцөл байдал сүүлийн хэдэн арван жилд байгаагүйгээр хурцаджээ. Мөн Хойд Солонгос Оросыг дэмжин Украинд цэрэг илгээж буй нь нөхцөл байдлыг улам хурцатгасан. Пхеньян удаа дараа АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтуудыг шүүмжилж, тэдгээрийг НҮБ-ын хоригт орсон цөмийн зэвсэг, баллистик пуужингийн хөтөлбөрөө өргөжүүлэх шалтгаан болгон ашигладаг.
Өнгөрсөн пүрэв гарагт Өмнөд Солонгосын хоёр ширхэг KF-16 сөнөөгч онгоц сургуулилтын үеэр зорилтот газартаа хүрэхээс 8 км-ын өмнө санамсаргүйгээр 8 ширхэг бөмбөг хаяжээ. Үүний улмаас 31 хүн шархадсан бөгөөд 150 гаруй байшин эвдэрч сүйдсэн байна. Албаныхан хүний алдаанаас болсон гэж мэдэгдсэн бөгөөд нэг нисгэгч нь буудлага хийх газрынхаа координатыг андуурч оруулсан бол хоёр дахь нисгэгчийн бөмбөгөө хаясан шалтгааныг одоогоор мөрдөн шалгаж байна.
Энэ осол хоёр Солонгосын хоорондох Хил хязгааргүй бүс (Demilitarized Zone)-ээс ердөө 24 км-ийн зайд болжээ.
Хойд Солонгосын төрийн хэвлэл болох "KCNA" ослын талаар анхааруулж, хэрвээ бөмбөг хойшоо, Хойд Солонгосын хил давж унасан бол байдал хэрхэн эргэхийг төсөөлөхөд ч бэрх гэдгийг онцолсон байна.
Тэд мэдэгдэлдээ:
"Бөмбөг манай нутаг руу унасан бол ямар аюулт байдал үүсэх байсан талаар тайлбарлах шаардлагагүй. Энэ нь Солонгосын хойг, бүс нутаг, дэлхийг шинэ зэвсэгт мөргөлдөөнд татан оруулах 'санамсаргүй оч' болох байв" гэжээ.
Мөн Хойд Солонгос АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан "Эрх чөлөөний ирмэг" (Freedom Edge) цэргийн сургуулилтыг шүүмжилж, ийм сургуулиуд нь "Дэлхийн анхны цөмийн дайн" өдөөхөд хүргэнэ гэж "KCNA" мэдэгджээ.
Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний жанжин штаб (2025 оны 3-р сарын 6-нд):
"Бид Хойд Солонгосын Оросоос авсан цэргийн стратеги, тактик, хүчний өөрчлөлтүүд, мөн дэлхийн зэвсэгт мөргөлдөөнүүдийн дүн шинжилгээг сургуулилтындаа тусган, БНСУ-АНУ-ын хамтарсан батлан хамгаалах болон хариу үйлдлийн чадавхыг бэхжүүлэх зорилготой." гэжээ
Өмнөд Солонгосын тал ард иргэдээсээ уучлалт гуйж, хохирол амссан иргэдэд нөхөн төлбөр олгохоор болсон байна.
"Эрх чөлөөний ирмэг 25" (Freedom Edge 25) сургуулилт 3-р сарын 20-ныг хүртэл үргэлжлэх боловч бөмбөг, сумтай сургуулилтыг түр зогсоожээ.











