



















Бямба гарагт Ираны Хувьсгалт Гвардын цэргийнхэн найман хүнийг баривчилсан талаар тус улсын хэвлэл мэдээллээ. Тэдгээр 8 хүн Израилийн тагнуулын “Моссад” байгууллагад объектуудын байршил болон цэргийн өндөр албан тушаалтнуудын талаархи мэдээлэл дамжуулах гэж оролдсон хэмээн сэжиглэгдэн баривчлагдсан аж.
Эдгээр хүмүүсийг зургадугаар сард Израиль Ираны цөмийн байгууламжуудад агаараас цохилт өгч, цэргийн командлагчид болон энгийн иргэдийг устгах үед “Моссад”-д мэдээлэл дамжуулсан гэж буруутгаж байна.

Тухайн довтолгоог 1980-аад оны Ирак–Ираны дайнаас хойш Исламын Бүгд Найрамдах Улсад өгсөн хамгийн том цохилт гэж тодорхойлж байгаа.
Иран хариуд нь Израилийн цэргийн баазууд, дэд бүтэц болон хотуудад пуужингийн цохилт өгсөн юм. АНУ 6-р сарын 22-нд дайнд нэгдэж, Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгсөн билээ.
Гвардын мэдэгдэлд сэжигтнүүд “Моссад”-аас цахим сувгаар тусгай сургалт авсан гэж дурдсан байна. Тэдгээр хүмүүсийг төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээс өмнө Ираны хойд зүгийн нутагт баривчилсан бөгөөд пуужин харвагч, тэсрэх хэрэгсэл, бөмбөг болон занга хийхэд ашиглах материал хураан авсан гэжээ.
Ираны улсын хэвлэлээр энэ сарын эхээр мэдээлснээр, Израильтай 12 өдрийн дайны үеэр цагдаагийнхан нийт 21,000 орчим хүнийг “сэжигтэй” хэмээн баривчилсан байна. Гэхдээ тэдгээр хүмүүсийг яг юунд сэжиглэснийг тодорхой дурдаагүй.
Аюулгүй байдлын хүчнүүд дайны үеэр өргөн хүрээтэй баривчилгаа явуулж, гудамжинд цэргийн болон цагдаагийнхнаа олноор байршуулсан. Дайн АНУ-ын зуучилсан гал зогсоох тохиролцоогоор зогссон юм.
Сүүлийн саруудад Иран дор хаяж найман хүнийг цаазалсан. Тэдний дотор цөмийн эрдэмтэн Рузбех Вади багтсан бөгөөд тэрбээр Израильд өөр нэг эрдэмтний талаар мэдээлэл дамжуулсан хэрэгт буруутгагдан 8-р сарын 9-нд дүүжлүүлсэн байна.











