



















Канадын шинээр сонгогдсон Ерөнхий сайд Марк Карни АНУ-тай үүсээд буй хурцадмал байдлын үед гадаад айлчлалаа Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзахаас эхлүүллээ. Тэрээр Европ дахь "найдвартай холбоотнуудтай" харилцаагаа бэхжүүлэх нь чухал гэж мэдэгдсэн байна. Уламжлалт ёсоор бол Канадын удирдагчид эхний гадаад айлчлалаа АНУ-д хийдэг ч, Карнигийн Парисыг зорьсон шийдвэр нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канад, Европтой худалдааны зөрчлөө хурцатгаж, улмаар Канадын тусгаар тогтнолыг үгүйсгэж, өөрийн болгох тухай сүрдүүлсэнтэй холбоотой юм.
Карни "Франц шиг найдвартай холбоотнуудтайгаа харилцаагаа бэхжүүлэх нь Канадад урьд байгаагүйгээр чухал боллоо" хэмээн Элисейн ордонд Макронтой хамт үдийн зоог барихаасаа өмнө хэлсэн байна. Тэрээр мөн "Канад бол Европын бус орнууд дотроос хамгийн Европ шинжтэй нь" гэж онцоллоо.
Карни мөн өдөр Их Британий нийслэл Лондон хотыг зорих төлөвлөгөөтэй байна.
Макрон "Канадын үндэсний эрх ашгийг хамгаалж, дэлхий дахинд хамтран ажиллахыг эрхэмлэдэг улс орны жишээ" хэмээн Карниг магтсан юм.
Уулзалтын дараа Канадын нэг сэтгүүлч тэднээс "Та хоёр Ерөнхийлөгч Доналд Трампад 'боль' гэж хэлмээр байна уу?" гэж асуухад, Карни болон Макрон нар сэтгүүлчдийн асуултад хариулаагүй байна.
Трамп Баруун холбоотнуудаа гайхашруулахуйц алхмууд хийж, тэдний экспортод гаалийн өндөр татвар тавьж, уламжлалт түншлэлүүдийг эргэлзээнд оруулж, Канад болон Данийн нутаг дэвсгэр болох Гренландыг өөрийн болгох тухай ч ярьсан.
Түүний тавьсан тариф хэр удаан үргэлжлэх, Канадыг АНУ-ын 51 дэх муж болгох гэсэн санаархал юун дээр суурилсан нь одоогоор тодорхойгүй байна.











