



















Бүгд найрамдахчууд Техас мужийн төлөөлөгч, Ардчилсан намын гишүүн Аль Гринийг Трампын Конгресст хандаж хэлсэн үгний үеэр эсэргүүцэл үзүүлсэнтэй нь холбоотойгоор шийтгэх санал дэвшүүлж байна. Ултра-консерватив-буюу хэт хуучинсаг үзэл баримтлалтай "House Freedom Caucus" бүлэг X (хуучнаар Twitter) дээр Гринийг шийтгэх тогтоол өргөн барихаа мэдэгдэв. Түүнчлэн Бүгд найрамдах намын гишүүд болох Техасын төлөөлөгч Трой Нелс, Вашингтоны төлөөлөгч Дан Ньюхаус нар мөн ийм алхам хийхээр зэхэж байна.
"Техасын төлөөлөгчийн үйлдэл хамтарсан хуралдааны явцыг тасалдуулж, зохистой ёс зүйг зөрчсөн" гэж Ньюхаус Лхагва гарагт төлөөлөгчдийн танхимд уг тогтоолыг танилцуулахдаа хэлэв.
Аль Гринийг Ерөнхийлөгч Доналд Трампын үг хэлж эхэлсний дараахан АНУ-ын Капитолын танхимаас гарган хөөжээ. Тэрээр суудлаасаа босч, ерөнхийлөгчийн яриаг тасалдуулан "Танд мандат байхгүй" гэж хашхирсан боловч Бүгд найрамдахчуудын эсэргүүцсэн уриа, шуугианаар үг нь дарагдсан. Үүний өмнө Трамп "2024 оны арваннэгдүгээр сарын 5-ны ерөнхийлөгчийн сонгууль нь урьд өмнө олон арван жил тохиогоогүй мандат өгсөн" гэж мэдэгдсэн юм.
Гэвч олон нийтийн санал хураалт болон Сонгуулийн коллегийн саналаар илүү том ялалт байгуулсан олон сонгууль саяхны түүхэнд байсаар ирсэн. Үүнд Ерөнхийлөгч асан Барак Обамагийн 2008 болон 2012 оны сонгуулиуд багтах юм.
Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон (R-La.) Гринийг суудалдаа суухыг тушаасан боловч тэрээр татгалзжээ.
"Түүний ёс зүйгүй байдал, мөн спикерийн тушаалыг дагахаас эрс татгалзсан нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй үйлдэл байлаа" гэж "House Freedom Caucus"-ын гишүүн Энди Оглс X дээр бичсэн байна.
Грин сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Трампт сөрөг байр суурьтай хүмүүс байгааг харуулах нь үнэ цэнэтэй зүйл" гэж мэдэгдсэн бөгөөд тэрбээр Трампын эхний болон хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд импичмент зарлах олон удаагийн оролдлого хийж байсан юм.
"Тэд (Бүгд найрамдахчууд) бүх зүйл дээр үг хэлэх эрх чөлөө ярьдаг атлаа Аль Гринийг яриулахгүй байгаа биз дээ" гэж Нью Мексико мужийн төлөөлөгч Тереса Легер Фернандез (D-N.M.) USA TODAY-д өгсөн ярилцлагадаа хэлжээ. "Аль Грин бол Аль Грин. Тэр бол гайхалтай хүн." гэсэн байна.











