



















П.Цагааныг баривчлах тогтоолыг хүчингүй болгох шүүхийн шийдвэр өчигдөр / 2025.01.07/ өглөө торолгүй гарсан. Мөнгө угаасан, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт сэжиглэгдэж буй П.Цагааныг Сингапураас Монголд авчирсан гэх эх сурвалжийн мэдээлэл бий. Түүнийг ирмэгц шүүх ийм шийдвэр гаргав.
П.Цагааныг баривчлах прокурорын хүсэлтийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийн дараа ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл:
Засгийн газар, АТГ-ын шударга ёсны тэмцлийн замд тээглэж буй бул хар чулуу нь шүүх, авлигачдын халхавч нь бусдын утсан хүүхэлдэй бологч шүүгч гэдэг нь тодорхой болж байна. Шүүгч бусдын нөлөөнд орвол ял шийтгэгдэх эрүүгийн хуулийн өөрчлөлтийг нэн даруй өргөн барина” хэмээн өөрийн сошиал хуудастаа бичсэн.
Түүний энэ мэдэгдэл шүүхийн хараат бус байдалд халдсан үйлдэл мөн. Тэрээр Л.Оюун-Эрдэнийн ’’бүх юмны дарга’’ мэт авирлах гэсэн хүслийн гар хөл болж ардчилсан шударга ёсны зарчим руу нулимж үзүүлэв.
Ц.Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгч байхад томилогдсон шүүгч нар өнөөх хонгил угсралцаж, нөгөө талд П.Цагаан мэтийн хэргийг тохинуулалцаж явааг шударга бусын хонгилоор чирүүлсэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг болон бусад улстөрчид тэдгээрийн хань хамаарлууд ам нээх бүртээ ярьдаг. Шударга бус шүүгч нар авлигын хэрэгтнүүдийг хамгаалаад үлддэг тухай нүүрсний жагсаалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төв талбай дээрээс мэдэгдэж, шүүхийн эсрэг тэмцлээ эхлүүлсэнээ зарлаж байсан удаатай. Энэ удаад ч давтав.
Шударга ёсны эсрэг хүчний нэг хэсэг бологсдоос сална гэх агуулгын цаана Шүүх Засаглалд бүхлээр нь халдах гэсэн Л.Оюун-Эрдэнийн санаархал ардчилал, хууль дээдлэх зарчмыг үндсээр нь булшлах гэсэн үйлдэл гэж хуулийн салбарынхан шүүмжлэл өрнүүлж байна.
Ёстой л нөгөө жоомоо шатаах гээд байшингаа шатаана гэдэг болно.
Хэдийгээр шүүх гүйцэтгэх засаглалаас хараат бус, аливаа улс төрийн болон эдийн засгийн нөлөөллөөс ангид байх учиртай ч ‘’эзэндээ үйлчлэгсэд’’ хана хэрэм мэт бат бөх угсрагдсаныг улстөрчид, олон нийт шүүмжилсээр байна. Тиймдээ ч манайд шүүхэд итгэх иргэдийн итгэл сул.Үүнийг овжин ашиглаж шүүхийн эсрэг иргэдийг турхирч, муухай харагдуулж байгаа гүйцэтгэх засаглалын тэргүүн өөрөө бүр ч муухай харагдаж байна.
Төрийн гурван эрх мэдэл харилцан хяналт, тэнцвэртэй байж, нэг нь нөгөөгөөс хэт давамгай байж болохгүй. Ингэж гэмээнэ ардчилал, хүний эрх, шударга ёс тогтох юм.
Төрийн эрх мэдлийн хуваарилалтын зарчмын дагуу шүүх засаглал нь засгийн газраас хараат бус, бие даасан байх ёстой. Энэ бол ардчилсан төрийн тогтолцооны суурь зарчим.
Л.Оюун-Эрдэнэ бүх хүчийг өөртөө авах, эрх мэдлийг дангаараа хянах, гэсэн далд санаагаа сэм сэм цухалзуулдаг болж, түүний хүслийг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл гүйцээх гар хөл нь болж явна.











