



















Ихэнх арилжаачид өдрийн ихэнхийг дэлгэцийн өмнө сууж өнгөрөөдөг. Маш их мэдээлэл судалгаа хийж арилжаанд ордог хүн байхад тодорхой цагт ороод гарчихдаг хүн ч бий. Арилжаа сүүлийн үед гэрийн бизнес гэдэг нэрээрээ алдаршсан. Эзэгтэй нар гэрийн ажлаа амжуулж хоол унд бэлдэнгээ арилжаа хийж болдогийг Японы Кимонотой трейдэрүүдийн түүх батална. Бүх цаг хугацаагаа үүнд зориулсан нэгэн байхад үндсэн ажлынхаа хажуугаар ганц нэг захиалга өгсөн шиг суух ч хүн байна. Ажлаа тарж ирээд амрахдаа арилжаа хийх ч байна. Харин сонирхогчийн шатнаас мэргэжлийн шатанд шилжиж байгаа дараах шинж тэмдэг ажиглагдаж эхэлбэл та арилжаандаа бүр илүү анхаарах хэрэгтэй.
Нэгдүгээр нөхцөл
Дор хаяж нэг жил үр ашигтай ажилласан байх. Үүнд ашиг олохоос гадна, туршлага мэдлэг хуримтлуулахыг багтааж ойлгоно. Нэг жилийн дотор та ашиг хийж өгдөг өөрийн арга барилтай болсон байх учиртай. Нөгөө талаар бүтэн жил гэдэг бол ямартай ч санхүүгийн 4 улиралыг туулж өнгөрөх хугацаа учраас танд ихээхэн туршлага суулгах нь гарцаагүй.
Хоёрдугаар нөхцөл
Сүүлийн гурван сар дараалан орлого олсон байх. Арилжаанаас сар бүр орлого олж түүнийгээ татаж авсан байх ёстой болж байна. Энэ бол таны сэтгэлзүйд маш чухал алхам бөгөөд ашгийн хойноос улайрах хүсэл чинь бага зэрэг дарагдсан байх ёстой үе юм. Та олсон орлогоороо төлөх ёстой төлбөрүүдээ төлж, авахыг хүсэж байсан зүйлээ авч өөртөө санхүүгийн эрх чөлөөний амтыг мэдрүүлэх хэрэгтэй. Энэ таны дараагийн алхамыг улам хариуцлагатай болгоно.
Гуравдугаар нөхцөл
Арилжааны арга барил стратегитай болох. Энэ бол та арилжааны зах зээлийг хэрхэн ойлгож хөлөө олж чадсаныг харуулах үе юм. Та өөрийн стратегийн дагуу арилжаанд орж стратегийн дагуу арилжаанаас гарч сурах нь таныг замын холд саятан болгоно.
Дөрөвдүгээр нөхцөл
Халаас зузаантай байх. Энэ бол баян гэсэн үг биш. Хэрэв та баян байсан бол магадгүй арилжаа хийх шаардлагагүй байсан биз. Харин халаас зузаарна гэдэг бол амжилттай яваа хүнийг тодорхойлж байгаа бөгөөд арилжаандаа хөрөнгө оруулалт хийх боломжтой, ар гэртээ зориулах боломжтой, буяны санд хандив өгчих сэтгэлийн тэнхээ суугаад ирэх үед танд мөнгө утга учраа алдаж та амьдралын гоо сайхны төлөө арилжаа хийдэг болж ирнэ. Энэ бол ихэнх амжилттай трейдэрт бүрддэг хүмүүнлэг шинж юм.
Тавдугаар нөхцөл
Нөөц төлөвлөгөө. Өмнөх дөрвөн алхам амжилттай байвал энэ шат мэдээж хэрэггүй. Харин өмнөх алдаагаа дүгнэж шинэ арга барил шинэ онол мэдлэгээр тархиа цэнэглэх хэрэгтэй. Тодорхойгүй байдлыг тодорхой болгож авах нь танд амжилтыг тод харуулна. Ингээд таван шатаа дахиад эхнээс. Түүхийн аль нэг орчилд та амжилттай трейдэр болох нь гарцаагүй.









