УИХ-ын чуулганы нэгдсэн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Элчин сайдыг томилох асуудлаар зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дөрвөн жилийн өмнө сайдаар томилогдсон даруйдаа 23 улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдыг УИХ-д өргөн мэдүүлэн томилуулж байсан юм. Энэ жил эдгээр Элчин сайд нарын бүрэн эрхийн хугацаа энэ жил дуусгавар болж буй. Тиймээс энэ жил 23 улсад суух Элчин сайд нарыг томилох ёстой. Элчин сайд нараас гадна консулуудыг ч томилох бөгөөд нийт 50 орчим хүнийг Элчин сайд, консулаар томилох асуудал яригдаж байна.
Элчин сайд нарын томилгооны салхийг УИХ-д өнөөдөр Н.Оюундарь хагалж, Польш улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдлоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Элчин сайдаар томилон ажиллуулахаар нэр дэвшүүлсэн нь төрийн албанд олон жил ажилласан, дипломат албанд ажилласан туршлагатай, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай. Орос англи, герман, хятад хэлний мэдлэгтэй. Төрийн болон дипломат албаны хууль тогтоомжийн шалгуурыг хангасан, төрийн тусгай албанд ажиллах бүрэн боломжтой албан хаагч гэж үзэж, дэмжсэн гэжээ.
Харин Н.Оюундарийн тухайд, хоёр улсын эдийн засгийн харилцаа илүүтэй өргөжин тэлж буйг онцлоод сүүлийн гурван жилийн хугацаанд эдийн засгийн эргэлт хоёр дахин нэмэгдэж, худалдааны эргэлт нь 100-гаад сая ам.долларт хүрч, цаашдаа ч өсөх магадлалтай байна гээд хөдөө аж ахуй, эрүүл мэнд, барилгын салбарын чиглэлд харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтойг тодотгож байна.
Польш улсад 100-аад Монгол иргэн ажиллаж амьдардаг. Уламжлалт анагаах ухааны чиглэлээр ажилладаг. Монголоос уламжлалт анагаахын чиглэлийн эмийн бүтээгдэхүүн, ноос ноолуур, малын гаралтай бүтээгдэхүүн экспортолдог юм.
Монгол Улс дэлхийн улс орнуудад 50 гаруй дипломат төлөөлөгчийн газар, 34 Элчин сайдын яам байгуулан ажиллуулж буй. Элчин сайд нарыг томилох тодорхой хуулийн заалттай ч улс төрийн хүрээнд томилгоо хийж, тохиролцсоны дараа УИХ-д өргөн мэдүүлж томилуулдаг жишиг бий.
Уг нь Элчин сайд бол улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгаж, улс үндэстнийхээ хөгжлийн гадаад таатай орчныг бүрдүүлэх үүрэгтэй чухал албан тушаал.
Энэ удаагийн Элчин сайд нарын томилгоо нь хамтарсан Засгийн газрын үед хийгдэх учраас ганцхан МАН хүмүүсээ томилохгүй болов уу. Хамтран Засаг барьж буй Ардчилсан нам, ХҮН нам ч Элчин сайд, консулын томилгооноос хоцрохгүй, хүмүүсээ томилох хүсэлтэй. Тиймээс Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ганц намын дарга болон Ерөнхийлөгчтэй бус АН, ХҮН намын дарга нартай ч зөвшилцөх шаардлагатай болсон.
Хөшигний ард Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд улс төрд нөлөө бүхий албан тушаалтнууд хүмүүсээ Элчин сайдаар томилуулдаг нь дүрэмтэй гэхэд хилсдэхгүй.