НҮБ-ын индэр дээрээс Израйлийн Ерөнхий сайд Беньяамин Нетаньяху Израилийг өмгөөлөх үеэр зарим төлөөлөгчид танхимаас гарчээ.

Пүрэв гарагт Израилийн Ерөнхий сайд Беньяамин Нетаньяху НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэхдээ, өөрийн орны бүс нутаг дахь үйл ажиллагааг эрс шийдэмгий хамгаалж, олон улсын түвшинд нэмэгдэж буй тусгаарлалтыг сөрөн зогслоо. Түүнийг үг хэлж эхлэхэд олон арван орны төлөөлөгчид танхимаас гарч явсан байна.
Израилийн Ерөнхий сайд аравдугаар сарын 27-нд болох сонгуульд ялагдах эрсдэлтэй байгаа энэ үед уг илтгэл түүний дотоодын улс төрийн кампанит ажилтай нь давхацсан юм.
Беньяамин Нетаньяху Газын дайны асуудлаар олон улсын зүгээс улам бүр нэмэгдэж буй шүүмжлэлтэй тулгарч байгаа бол Израильд дахин сонгогдохын төлөө кампанит ажлаа эрчимжүүлж байна.
Нетаньяху үг хэлж эхлэх үед Израилийн хийж буй дайнтай холбоотой олон улсын хуваагдал ил тод харагдлаа. Олон орны төлөөлөгчид эсэргүүцлээ илэрхийлэн танхимаас гарч явсан ба Нетаньяху тэднийг “Ёс суртахуунгүй хулчгарууд” хэмээн нэрлэжээ.
Харин үзэгчдийн хэсэгт байсан түүний дэмжигчид еврей хэлээр “Израилийн ард түмэн амьд!” хэмээн уухайлж байв.
Нетаньяху Нью-Йорк хотын дарга Зохран Мамдани түүнийг “Дайны гэмт хэрэгтэн” гэж нэрлэснийг буруутган шүүмжилж, Баруун Европын удирдагчдыг “Антисемит бүлэглэлийн дарамтад бууж өгсөн” хэмээн зэмлэв. Мөн Катар, Туркийг Израилийн талаар худал мэдээлэл тарааж байна гэж буруутгасан байна.
Израилийн Ерөнхий сайдаар хамгийн олон жил ажилласан Нетаньяху Мамданид хандан:
Та нар намайг энд ирэхийг зогсоохыг оролдсон. Та нар оролдсон. Намайг дуугүй болгохыг оролдсон. Гэхдээ та нар намайг дуугүй болгож чадахгүй. Үнэнийг ч бас дуугүй болгож чадахгүй.
гэж хэлжээ.
Мамдани Нью-Йорк хотын даргын сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Нетаньяху тус хотод ирвэл түүнийг дайны гэмт хэрэгт холбогдуулан баривчлуулах амлалт өгч байсан юм. Гэвч дараа нь тэрээр ийм баривчилгаа хийх хууль зүйн эрх мэдэл өөрт нь байхгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн тухай Ройтерс мэдээлж байв.
Энэ долоо хоногт Мамдани Нетаньяхуг “Палестинчуудын эсрэг үйлдэгдэж буй аймшигт геноцидын архитекторч” хэмээн тодорхойлсон.
Мамдани Нью-Йорк хотын даргаар нэгдүгээр сард сонгогдсоноосоо хойш Нетаньяху анх удаа тус хотод айлчилж байгаа юм.
Нетаньяху:
Энд нэг энгийн үнэн бий. Израиль геноцид үйлдээгүй. Харин Израиль геноцидоос урьдчилан сэргийлсэн.
гэж мэдэгдсэн.
Тэрээр мөн Мамданийг ХАМАС-ын зэвсэгт дайчдыг дэмждэг гэж буруутгадаг бол Мамдани уг буруутгалыг няцаасаар ирсэн юм.
Нетаньяху:
Миний улс орон болон манай эрэлхэг цэргүүдийн талаар эдгээр худал мэдээллийг тарааж буй бүх хүмүүст, тэд энэ танхимд сууж байгаа ч бай, Нью-Йоркийн антисемит хотын даргын өрөөнд сууж байгаа ч бай хэлэхэд — ИЧИХ хэрэгтэй!
гэжээ.
Мамдани мэдэгдэлдээ:
Ерөнхий сайд Нетаньяху урьдын адил палестинчуудын эсрэг үйлдсэн геноцидоо зөвтгөх зорилготой үндэслэлгүй худал зүйлсийг давтан хэллээ. Гэвч ямар ч худал зүйл түүнийг дайны гэмт хэрэг болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр Олон улсын эрүүгийн шүүхээс баривчлах тогтоол гаргасан хүн хэвээр нь үлдээх болно.
гэжээ.
НЕТАНЬЯХУГИЙН УЛС ТӨРИЙН ИРЭЭДҮЙ УДАХГҮЙ ШИЙДЭГДЭНЭ
Израилийн бүх нийтийн сонгууль болоход таван долоо хоног хүрэхгүй хугацаа үлдээд байгаа энэ үед Нетаньяху ойролцоогоор 40 минутын турш НҮБ-ын индер дээр үг хэлсэн нь түүний илтгэл бараг сонгуулийн кампанит ажлын шинжтэй байв.
Илтгэлийг Израилийн дөрвөн гол телевизийн сувгаар оройн хамгийн олон үзэгчтэй цагаар шууд дамжуулжээ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Түүний илтгэлийн өмнө Израилийн Засгийн газар Нью-Йорк хотын Манхэттэнд Израилийг дэмжсэн, Ираны эсрэг агуулгатай 500 сурталчилгааны самбар байрлуулж, мөн Израилийг дэмжсэн уриа бүхий хэдэн арван ачааны машин явуулсан гэж Нетаньяхугийн ажлын алба мэдээлсэн байна.
Олон нийтийн санал асуулгаар Нетаньяхугийн улс төрийн эвсэл сонгуулийн өмнө өрсөлдөгчдөөсөө хоцорч байгааг харуулж байгаа энэ үед тэрээр илтгэлдээ Израилийн “долоон фронтод” зэрэг хийж буй тэмцлийг онцлон харуулахыг зорьжээ.
Нетаньяху өмнөх НҮБ-ын илтгэлүүдийнхээ нэгэн адил энэ удаа ч зарим эд зүйл ашиглан байр сууриа илэрхийлэв. Тэрээр Ливан дахь Ираны дэмжлэгтэй Хезболла бүлэглэлийн гишүүдийг хөнөөж, шархдуулсан халдлагатай холбоотой пейжер төхөөрөмжийг үзүүлжээ.
Мөн Израилийн тал Иранд нууцаар оруулсан гэж мэдээлж байсан Starlink хиймэл дагуулын интернетийн төхөөрөмж авч ирсэнийгээ Ираны төлөөлөгчдөд үлдээнэ гэж мэдэгдэв.
Нетаньяху:
Тэд гарцаагүй манай талд орж, өөрсдийнхөө түүхийг олон нийтийн сүлжээгээр чөлөөтэй ярьж эхлэх үед тэд ч мөн үүнийг ашиглаж чадна.
гэж хэлээд, удахгүй Ираны эрх баригчид ард түмнийхээ эсэргүүцлээр эрх мэдлээсээ түлхэгдэн унах нь цаг хугацааны л асуудал хэмээн мэдэгджээ.
НЬЮ-ЙОРКТ ХОТОД ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ БОЛОВ
НҮБ-ын төв байрны ойролцоо хэдэн зуун жагсагч цугларч замын хөдөлгөөнийг хааж:
Израилийг зэвсгээр хангахаа зогсоо, Газад амьдрах боломж олго!
Израилийг зэвсгээр хангахаа зогсоо, Иранд амьдрах боломж олго!
хэмээн хашхирч байв. Цагдаа нар зарим жагсагчийг саатуулжээ.
Нетаньяху НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэхээр АНУ-д богино хугацаагаар айлчилсан бөгөөд энэ удаагийн айлчлалын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах товгүй байна.
Гэсэн хэдий ч Нетаньяху илтгэлдээ Трампыг сайшааж:
Бид улс орноо хамгаалсаар байх болно. Бид ялсаар байх болно. Учир нь бидэнд өөр сонголт байхгүй. Барбаруудын эсрэг хийж буй энэ тэмцэлд Ерөнхийлөгч Трампаас илүү сайн түнш бидэнд байгаагүй. Түүний зоримог удирдлагад би талархаж байна.
гэжээ.
ХАМАС тэргүүтэй алан хядагч байгууллагын зэвсэгт халдлагын хариуд Израиль Газын зурваст дайнаа эхлүүлснээс хойшхи гурван жилийн хугацаанд тус улс олон улсын дипломат харилцааны хүрээнд улам бүр тусгаарлагдах болсон гэж Ройтерс мэдээлсэн.
Нетаньяху 2024 онд Олон улсын эрүүгийн шүүхээс өөрт нь болон тухайн үеийн Батлан хамгаалахын сайд, ХАМАС-ын тухайн үеийн цэргийн командлагчид гаргасан баривчлах тогтоолын улмаас олон оронд зорчих боломжгүй болсон байна.
Энэ сарын эхээр Израилийн тууштай холбоотнуудын тоонд багтаж ирсэн Их Британи, Франц, Канад улсууд Израилийн эзэлсэн Баруун эрэг дэх суурьшлын бүсүүдэд чиглэсэн хориг арга хэмжээ авахаа зарласан. Үүнд Вашингтон харьцангуй сул хариу үзүүлсэн юм.
Нетаньяху дээрх орнуудын удирдагчдыг:
Антисемит бүлэглэлийн дарамтад бууж өгсөн. Тэд сул дорой байдлыг сонгосон. Тэд буулт хийхийг сонгосон.
хэмээн буруутгажээ.
Мөн Израилийн суурьшигчдад эзлэгдсэн Баруун эрэгт үйлдэж буй хүчирхийлэл нэмэгдэж байгаа асуудлыг Нетаньяху ач холбогдол багатай мэтээр тайлбарласан.
Тэрээр үүнийг:
Чулуу шидэж, чидун жимсний мод огтолдог 150 орчим насанд хүрээгүй, залуу этгээдийн цөөн тооны үйлдэл.
хэмээн тодорхойлжээ.
Түүнчлэн:
Заримдаа тэд гал тавьдаг. Би үүнийг тэвчиж чадахгүй. Би хууль бус өшөө авалтыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид бол хууль дээдэлдэг улс.
хэмээн Нетаньяху мэдэгдсэн байна.









