




















Унаж, босож, уруудаж, өгсөж, өвчин зовлон, саад бэрхшээл дундуур туучиж яваа надад аугаа их түүхтэй Ардын Намыг удирдах хувь ерөөл тохиолдсоныг би өндөр хариуцлага гэж хүлээн авч байна.
Эрхэм журмын нөхдөө Эрхэм хүндэт Ардын намын 31 дүгээр хурлын төлөөлөгчдөө, надад өндөр их хариуцлага, итгэл хүлээлгэсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байгааг илэрхийлье.
Эх орныхоо өнцөг булан бүрээс намынхаа гишүүд дэмжигчдийн итгэлийг хүлээн төлөөлөгчөөр сонгогдож ирсэн та бүхнээрээ дамжуулан аугаа түүхтэй Ардын Намынхаа эрхэм хүндэт 300 гаруй мянган гишүүддээ өөрийн талархлыг энэ индрээс хүргэн мэндчилж байна.
Та бүхэндээ баярлалаа.
Цэл залуухан 23 насандаа Монгол Ардын Намд элсэж намын шат шатны байгууллагаар өсөж хүмүүжиж, ахмад үеийнхнийхээ дэргэд туршлагжиж, өөрийн үе, залуус дүү нарынхаа хамт хичээн эрмэлзэж, зарчимдаа үнэнч явсны үр дүнг 16 жилийн дараа энэ аугаа их намын тамгыг гардаж авсан нь миний хувьд маш их өндөр хариуцлага болон оногдож байна.
Олон Улсын геополиткийн нөхцөл байдал, дэлхий дахины дэг журмын байдал өөрчлөгдөж байгаа, хиймэл оюун, хагас дамжуулагч, мэдээллийн хувьсал дэлхийн соёлыг өөрчилж байгаа энэ үед дэлхийн хоёр их гүрний дунд оршдог манай улс, оршин тогтнохуйн баталгаа болсон тусгаар тогтнолоо хэрхэн хадгалж үлдэх вэ гэдэг энэ сорилтын өмнө төрийн эрхийг барьж байгаа намын өмнө та бүхнийхээ итгэл дэмжлэгээр сонгогдлоо.
Ардын Нам ард түмэнтэйгээ ойр ажиллаж Ардын Нам эгэл жирийн гишүүдийнхээ дуу хоолойг сонсож, гишүүд дэмжигчидтэйгээ хамтдаа урагшиж байсан цаг мөч бүртээ ялалт байгуулж байсан сайхан түүхтэй.
Монгол Ардын Нам өнгөрсөн 3 удаагийн парламентийн сонгууль, ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхгүй ялалт байгуулсан энэ ялалтын буухиаг бид цаашдаа урагшлуулж 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны парламентийн болон орон нутгийн сонгуульд та бүхнийхээ итгэл дэмжлэг, чин эрмэлзэл дор хамтдаа ялалт байгуулахын төлөө хичээн ажиллахыг уриалж байна.
Монгол Ардын Намынхаа идэвхи оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр "И4" стратегийг би та бүхэндээ танилцуулсан. Энэхүү танилцуулсан хөтөлбөрөө хэрэгжүүлж, хэлсэн үгэндээ эзэн байж, хийсэн үйлдэлдээ ёс зүйтэй зарчимтай хариуцлагатай байхын төлөө хичээж ажиллана.
Монгол Ардын Намын даргаар та бүхний итгэл дэмжлэгээр сонгогдсон энэ цаг мөчид, эгэл жирийн гишүүд дэмжигчдийнхээ дуу хоолойг сонсож. 21 аймаг 330 гаруй сум орон нутагт очиж ажиллаж, намын гишүүдээ сонсдог, намын гишүүдтэйгээ эргэх холбоотой ажилладаг, намын гишүүдийнхээ итгэл дэмжлэгийг авсан намын дарга байхын төлөө өөрөөсөө шалтгаалах бүх зүйлийг хийнэ гэдгээ энэ индэр дээрээс хариуцлагатайгаар мэдэгдмээр байна.
Ил тод хариуцлагатай нээлттэй орчин цагийн хэрэгцээ шаардлагыг мэдэрч чаддаг, олон улсын хөгжлийн чиг хандлагатай зэрэгцүүлэн алхаж чадах Монгол Улсыг сэргээн хөгжүүлэх, сэргээн мандуулхын төлөө Монгол Ардын Нам түүхэн үүргээ гүйцэтгэх цаг ирлээ. Ард түмний итгэл алдарсан энэ цаг үед ард түмнийхээ итгэлийг хэрхэн олж авах вэ гэдэг намын даргын хувьд томоохон хариуцлага, тийм учраас Ардын Нам ардынхаа зүрхэнд эргэн ирнэ. Ардын Нам түмнийхээ итгэлд дахин сэрнэ гэдэг энэ үгээ дахин хэлмээр байна. Ардын Нам ард түмнийхээ зүрхэнд эргэн ирэх болно, эргэлтийн төлөө бүгдээрээ хамтдаа хичээцгээе.
Ард түмний итгэлийг олохын тулд манай Ардын Намын гишүүдийн үүрэг оролцоо идэвх хамгийн их чухал. 21 дүгээр зууны ёс зүйтэй хариуцлагатай нээлттэй намыг хамтдаа бүтээн байгуулах түүхэн цаг мөчийг эндээс хамтдаа эхлүүлцгээе. Өнгөрсөн цаг хугацаанд Монгол Ардын Намыг ялалтанд хөтөлж өнөөдрийн бахархам амжилтуудыг үзүүлж ирсэн үе үеийнхээ намын удирдлагууддаа чин сэтгэлээсээ талархаж, та бүхнээрээ бахархаж явдгаа илэрхийлье.
Төрийн ажлын залгамж чанар, намын ажлын залгамж чанарыг алдагдуулахгүйгээр Монгол Ардын Намын дарга хэмээх энэхүү нэр хүндтэй хариуцлагатай албыг эргэх холбоотой энгийн даруу сайхан хаших болно гэдгээ та бүхэндээ хэлье.
Та бүхэндээ баярлалаа.










