



















Герман улсын Сангийн сайд Йорг Кукис Ройтерст өгсөн ярилцлагадаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хүсэлтийн дагуу Оросыг Их долоогийн бүлэг (G7)-т дахин элсүүлэхгүй гэж мэдэгджээ. "Оросын түрэмгий дайны талаар G7-ийн буруушаалт маш тодорхой байгаа, ялангуяа Оросын хэрцгий халдлагын гурав дахь жилийн ой дээр энэ нь онцгой чухал" гэж Кукис хэлээд, Трампын санал шаардлагатай дэмжлэгийг авч чадахгүй гэж нэмж дурдсан байна.
Кукис өнөөдөр гарагт Сангийн сайд нарын G20-ийн уулзалтад оролцохоор Кейптаун хот руу явах бөгөөд АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент хуваарь давхцсаны улмаас оролцохгүй аж. Эдгээр уулзалтаар дэлхийн эдийн засгийн одоогийн нөхцөл байдал гол сэдэв байх болно. "Бид үнэхээр эдийн засгийн өсөлтийн замд эргэн орох шаардлагатай байна" гэж Кукис онцолжээ. Тэрээр Герман улс "Хийх ёстой олон гэрийн даалгавартай" хэмээн нэмж хэлсэн байна. Кукис нь 2024 оны 11-р сард канцлер Олаф Шольцын эвслийн засаглал нуран унасны дараа Сангийн сайдаар томилогдсон бөгөөд өнгөрсөн ням гарагт Фридрих Мерцийн консервативуудын ялалт байгуулсан сонгуулийн дараа шинэ засгийн газар байгуулагдах хүртэл үүрэг гүйцэтгэх юм.
АНУ болон Европын Холбооны (ЕХ) хооронд худалдааны дайн үүсэхээс зайлсхийж болох ба хоёр тал хоорондоо хэлэлцээр хийх сонирхолтой байгаа гэж Кукис хэлжээ. "Хэн ч худалдааны дайн эхлүүлэхийг хүсэхгүй." гэсэн юм. АНУ-ын импортын тарифыг бусад орнуудын тавьдаг татвар, хураамжтай адил хэмжээнд хүргэх Трампын төлөвлөгөө 27 гишүүнтэй ЕХ-нд онцгой хүнд цохилт болно.
Гэхдээ Кукисийн хэлснээр, ЕХ-ны АНУ руу экспортлодог барааны ашиг орлого АНУ-аас Европ руу экспортолдог үйлчилгээний ашиг орлоготой бараг тэнцэж байгаа аж.
"Худалдааны тэнцвэргүй байдлыг хоёуланг нь нийлүүлээд үзвэл, зөрүү дүн нь харьцангуй бага тоо гарч байна" гэж тэр онцолжээ. "G7" Оросын Европ дахь царцаагдсан 300 тэрбум ам.долларын активыг Украины сэргээн босголтод ашиглах олон жилийн өмнөх санал санаачилгыг хэлэлцэж магадгүй ч "Яриа хэлэлцээр дөнгөж эхэлж байгаа тул одоогоор хэлэхэд эрт байна" гэж Кукис хэлсэн байна.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, ирээдүйн энхийн гэрээний хүрээнд Москва царцаагдсан хөрөнгийг дахин сэргээн босголтод ашиглахыг зөвшөөрч магадгүй ч мөнгөний тодорхой хэсгийг одоо Оросын хяналтад байгаа Украины бүс нутгуудад зарцуулах нөхцөлтэй байж болох аж.











