



















ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп шүүмжиллээ. Украйны нийслэл Киев хот руу шөнө дунд пуужин, дроны дайралт хийсэн нь ийнхүү шүүмжлэхэд хүргэжээ. Доналд Трамп өөрийн нийгмийн сүлжээндээ “Шаардлагагүй” мөн “Цагаа олоогүй” дайралт гээд уг дайралтаа зогсоохыг Ерөнхийлөгч Путинд уриалсан байна.
Ерөнхийлөгч Трампын зүгээс Ерөнхийлөгч Путинг шүүмжлэхээсээ өмнө Украйны Ерөнхийлөгч Володимир Зелинскийг дайн зогсоох хэлэлцээрийг саатуулж байна хэмээн буруутгаад байсан юм. Лхагва гарагт Трамп Зеленскийд хандаж ОХУ-ын эзэлсэн Крымийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж буй нь энхийн яриа хэлэлцээр хийхэд сөргөөр нөлөөлж байна гээд, Крым бол олон жилийн өмнө алдсан нутаг тул одоо энэ талаар ярих нь оройтсон, хэлэлцээний сэдэв байх нь утгагүй хэмээн бичсэн юм.
Ерөнхийлөгч Доналд Трампын зүгээс Ерөнхийлөгч Путин руу чиглэсэн шүүмжлэл хэлж, бичих нь ихээхэн ховор тохиолддог. Ерөнхийдөө зайлсхийдэг байна. Харин пүрэв гарагт хийсэн шүүмжлэл нь “Цагаан Ордон”-д Украйны Ерөнхийлөгчтэй хийсэн маргаанаас хойш анхных нь болж байгаа юм.
Пүрэв гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчийн тавьсан асуултад “ОХУ цэргийн болон цэргийн зориулалттай байгууламжуудыг онилсон цохилтоо үргэлжлүүлж байгааг” онцолсон байна.











