




















Өчигдөр буюу даваа гарагт ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Украин улс ОХУ-ын хойд хэсэгт орших Ерөнхийлөгч Владимир Путины оршин суудаг байрыг довтлохыг оролдсон тул Москва хэлэлцээний байр сууриа дахин хянахаар боллоо гэжээ.
Харин Украины тал энэхүү мэдэгдлийг худал хэмээн няцаав.
ОХУ-ын талын мэдээлснээр, ням гарагийн шөнө Новгород мужид байрлах Ерөнхийлөгч Владимир Путины оршин суудаг байрыг Украин улс алсын тусгалтай 91 нисгэгчгүй онгоцоор довтолсон боловч тэдгээрийг Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем бүрэн устгасан гэж Лавров хэлжээ. Довтолгооны улмаас хүн бэртэж гэмтээгүй, эд материалын хохирол учраагүй байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский уг мэдэгдлийг худал хэмээн тодорхойлж, Москва Киев дэх төрийн байгууллагуудыг цохих дайралтад бэлтгэх “сууриа тавьж” байна гэж мэдэгдэв. Түүний хэлснээр, ОХУ-ын энэхүү мэдэгдэл нь энхийн хэлэлцээг нураах оролдлого аж.
Сергей Лавров ОХУ-ын зэвсэгт хүчин хариу цохилтын байг аль хэдийн тодорхойлсон бөгөөд “Ийм бодлогогүй үйлдлүүд хариугүй үлдэхгүй” гэж анхаарууллаа. Тэрээр уг халдлагыг “төрийн терроризм”-ын шинжтэй үйлдэл хэмээн тодорхойлов.
Мөн Лавров энэхүү халдлага нь Украинтай энхийн хэлэлцээ өрнөж байх үед болсон гэдгийг онцлоод, Орос улс хэлэлцээнээс гарахгүй ч Москвагийн хэлэлцээний байр суурийг дахин хянах болно гэж мэдэгдэв.
Халдлага болсон үед Владимир Путин Новгород муж дахь “Долгие Бороды” (Урт сахал) хэмээх ордонд байсан эсэх нь тодорхойгүй байна. Энэхүү ордныг өмнө нь Иосиф Сталин, Никита Хрущёв, Борис Ельцин нар ашиглаж байсан бол одоо Путин ашиглаж байгаа юм.
Үүний зэрэгцээ, Путин даваа гарагт армийнхандаа хандаж Украины өмнөд хэсэгт орших Запорожье мужийг бүрэн хяналтдаа авах ажиллагааг эрчимжүүлэх үүрэг өгсөн байна. Оросын нэгэн командлагчийн хэлснээр, Москвагийн цэргүүд тус мужийн хамгийн том хотын захад 15 км (9.3 миль) ойртжээ.









