



















Москва болон НАТО-ын хооронд хурцадмал байдал нэмэгдэж байгаа энэ үед, ОХУ-ын хамгийн дээд дипломатч дэлхийн удирдагчдад “Европ руу довтлох бодол огт байхгүй” хэмээн НҮБ-ын индэр дээрээс мэдэгдлээ. Гэхдээ ОХУ-руу ямар нэг халдлага хийвэл “Хурц шийдэмгий хариу арга хэмжээ авна” гэдгээ ч сануулсан байна.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров НҮБ-ын Ерөнхий Ассамблейн танхимд үг хэлэхдээ саяхны өдрүүдэд НАТО-гийн гишүүн орнуудын агаарын орон зайд зөвшөөрөлгүй онгоц, дронууд нэвтэрсэн тохиолдол гарч байсныг дурджээ. НАТО-ын холбоотнууд тус улсын онгоцууд гишүүн орных нь агаарын хилийг давсанд ОХУ-ыг буруутгаж байгаа бол, Оросын тал эдгээр нислэг нь, тоног төхөөрөмж технологийн алдаа байсан гэсэн тайлбарыг өгсөн.
Лавров хэлэхдээ:
“ОХУ хэзээ ч НАТО руу довтлох санаа, хувилбартай байгаагүй, одоо ч байхгүй. Гэхдээ манай улсад НАТО халдах юм бол хатуу хариу өгөх болно. Энэ талаар НАТО болон Европ дахь зарим хүмүүс андуурч бодож болохгүй” гэжээ.
Тэр мөн АНУ-тай харилцааны боломжийг бүрэн үгүйсгэхгүй байгаагаа илэрхийлж, ОХУ, АНУ хоёр улс дипломат харилцаагаа цааш явуулах ёстой гэж тэмдэглэв. Лавровын үзэж буйгаар, зарим Европын орнууд дипломатчиллыг “Вашингтоны найз нартай эвсэх” маягаар хэрэгжүүлж, бодит бус шийдлүүд (жишээ нь хориг арга хэмжээ) хэрэглэх болсон гэв.
Түүнчлэн Лавров Украины дайныг хэлэлцэж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Украин руу хандсан хандлагын зарим хэсгийг магтсан байна. Тэр “Хамгийн чухал зүйл бол мөргөлдөөн рүү хөтлөхгүй байх” гэдгийг онцолсон бөгөөд Трампын шинэ байр суурийг “Дипломат үйл ажиллагаа, бодит шийдэлд чиглэсэн” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
Түүнчлэн Сергей Лавров барууны тал, НАТО-г шүүмжлэхдээ тэднийг “Өдөөн хатгалга” явуулж, ОХУ бусад орнуудтай харилцахад хүндрэл үүсгэж байна хэмээн шүүмжиллээ.
Түүнээс гадна, Газын зурвас дахь мөргөлдөөн болон Израиль-Палестин асуудлыг хөндөхдөө, Сергей Лавров Хамас болон Израилийн гэмгүй иргэдийн амийг хөнөөсөн үйлдлийг буруушааж, Палестин улсыг байгуулах шийдвэрүүдийг дагаж мөрдөх ёстой гэсэн байр суурьтай байна хэмээн мэдэгджээ.











