



















УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хамаарал бүхий компаний захиалгаар Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэр буюу бидний мэдэхээр автобус-3 газар дээр баригдаж байгаа 25 давхар, 5 блок бүхий цогц хотхоны барилгын ажилд ашиглаж байсан краны бэхэлгээ өчигдөр шөнө тасарч, залгаа байгаа UB CENTRAL хотхоны дээвэрт байх гэрлэн самбарыг цохиж унаган тус хорооллын эрчим хүчийг тасалдуулсан. Манай улсад дагаж мөрддөг хууль хийгээд журам, стандартаар 16 давхараас дээш барилга барихдаа барилга хоорондын зай 45 метрийн зайтай байх зохицуулалттай. Гэвч уг хоёр барилга 4 метр хүрэхгүй зайд байгаа гэж оршин суугчид нь удаа дараа мэдэгдэн, барилгын ажлыг зогсоохыг шаарддаг ч амжилт олоогүй, олдоггүй. Өмнө нь мөн л барилгын суурийг ухаж байхдаа зэргэлдээх хотхоны газардуулгыг тасласан хэрэг гарч байсан юм. Мөн барилгын цонх хагарч, хана цуурсан гэх гомдлыг оршин суугчид удаа дараа гаргаж байлаа.
Уг нь Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-ийн 2.11, Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-ийн 4.18, 5.26, 4 дүгээр хавсралтад зааснаар :
Тухайн барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл нь:
Барилгын тууш талуудын хоорондох зай 15мээс багагүй /2-3 давхар бол/, 20м-ээс багагүй /4 давхар бол/, 21м-ээс багагүй /5 давхар/, 30м-оос багагүй / Барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 10м-ээс багагүй /2-4 давхар/, 12м-ээс багагүй /5 давхар/, 15мээс багагүй /9 давхар/, - Шулуун тэнхлэгийн дагуу байрласан цамхаг хэлбэрт барилгуудын хоорондох зай 18м-ээс багагүй /9-12 давхар/, 25м-ээс багагүй /16 давхар/ 45м-ээс багагүй /25 давхраас дээш/ зайд байрлах шаардлагыг хангасан байна хэмээн заасан.
Гэвч Ж. Ганбаатар гишүүний хамаарал бүхий компаний захиалан бариулж буй барилгуудад хууль, дүрэм, журам, стандарт хэрэгждэггүй гэдгийг удаа дараагийн ноцтой асуудлууд гэрчилж байна.
Жишээ нь: 2023 онд Ж.Ганбаатарын хамаарал бүхий “Камдер” компани нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт барилга барихаар мод, бутыг шилжүүлэн суулгах нэрийдлээр устгасан, Баянзүрх дүүргийн 26-р хороонд баригдсан “Энканто” хотхон нь орц, гарц зохистой бус, иргэдийн эрхийг зөрчсөн, эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн хуулийн заалтыг ноцтой зөрчиж байгаа ч эзэн нь их хурлын гишүүн, эрх мэдэлтэй тул иргэд хичнээн эсэргүүцээд ч төр хариуцлага тооцож чаддаггүй гэх шүүмжлэл элбэг.
Түүний хамаарал бүхий компани “Автобус-3” баазын газрыг дуудлага худалдаагаар 20 тэрбум төгрөгөөр авсан бөгөөд харин одоо “Автобус-3”авто баазыг татвар төлөгчдийн 50 тэрбумаар төгрөгөөр дахин барих гэж байна. Үүнээс харвал байршил сайтай газраа Нийслэлийнхэн Ж. Ганбаатар гишүүнд хямд зараад, өмнөх байршлаасаа муу үнэлгээтэй газарт газраа зарсан 20 тэрбум төгрөгөөсөө 2.5 дахин их мөнгө буюу 50 тэрбум төгрөгөөр дахин авто бааз барих юм. Үүнийг л эрх мэдлээ ашиглан, өөрт давуу байдал үүсгэх, бусдын боломжийг хулгай хийх гэж нэрлэж болно. Хуулийн талаас харвал түүний буруу гэх баримт нотолгоо ховор ч ёсзүйн талаасаа тэрээр “хуулиар хулгайлагч” юм.
Анх Орос чихэр ганзагаар зөөж цаашлаад Оргил компаниа байгуулан Оргил жижиглэнгийн сүлжээ дэлгүүр болгон өргөтгөж явсан тэрээр Баянгол дүүргийн төлөөлөгчийн ажлаар улстөрийн гараагаа эхэлсэн. Ж. Ганбаатар нь 2016 онд Баянгол дүүргээс их хурлын гишүүн болж улмаар 3 дах удаа 2024 онд сонгогдоод байгаа. Уул уурхайн сайдаар 2022 оноос 2024 оны 6 дуустал ажилласан.











