



















Польшийн Ерөнхий сайд Дональд Туск өөрийн засгийн газар бүх насанд хүрсэн эрэгтэйчүүдийг өргөн хүрээний цэргийн сургуулилтад хамруулах төлөвлөгөөн дээр ажиллаж байгааг мэдэгдэв. Туск парламентын доод танхим болох "Сеймд" хэлсэн үгэндээ уг сургуулилт нь “Боломжит аюул заналд тохирсон” нөөцийн хүч бүрдүүлэхэд чиглэгдсэн гэдгийг онцолжээ. Тус улс НАТО-гийн зүүн жигүүрт байрладаг бөгөөд Украины дайнаас үүдэн аюулгүй байдлын нөхцөл байдал хурцадсанд санаа зовниж байна. Украиныг ялагдвал Орос улс дараагийн ээлжинд Польш зэрэг орнуудад анхаарлаа хандуулж болзошгүй гэсэн айдас ихэсчээ.
Тус улсын хамгийн том сөрөг хүчний нам болох "Хууль ба Шударга ёс" намын тэргүүн Ярослав Качиньски зөвхөн эрэгтэйчүүдийг цэргийн сургуулилтад хамруулахаас гадна нийгэмд сэтгэлгээг өөрчлөх шаардлагатай гэжээ.
Тэрээр “Бид баатарлаг ёс зүйгээ сэргээж, эрэгтэйчүүд цэрэг байх ёстой, өөрийгөө золиослоход бэлэн байх ёстой” гэж хэлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Украиныг хамгаалах бодлогоос ухарч, цэргийн тусламж болон тагнуулын мэдээлэл өгөхөөс татгалзсан нь Польш болон Европын ихэнх улсуудыг түгшээгээд байгаа юм. Доналд Трамп мөн НАТО-гийн гишүүн орнууд батлан хамгаалахын зардлын шаардлагыг хангахгүй бол АНУ эвслээс гарч магадгүй гэсэн дохио өгчээ.
Туск “Хэрэв Украин ялагдвал эсвэл тусгаар тогтнолд нь сөргөөр нөлөөлөхүйц энхийн гэрээ, зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох хэлэлцээр хийнэ гэж үзвэл Польш илүү хүнд геополитикийн нөхцөл байдалд орох нь дамжиггүй” гэж мэдэгдэв.
Ерөнхийлөгч Анджей Дуда энэ баасан гарагт үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа танилцуулж, улсын батлан хамгаалахад жил бүр ДНБ-ий 4%-иас доошгүй хувийг зарцуулах үүргийг хуульчлах санал гаргасан байна.
Одоогийн байдлаар Польш улс нийт эдийн засгийн хэмжээтэйгээ харьцуулбал "НАТО"-гийн хамгийн өндөр батлан хамгаалах төсөвтэй орон бөгөөд энэ онд ДНБ-ий 4%-иас дээш хувийг зарцуулах аж. Харин Дуда энэ асуудлаарх өнөөгийн улс төрийн зөвшилцөөн дээр тулгуурлан үүнийг үндсэн хуульд албан ёсоор тусгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.











