



















Сингапур улсад 2025 оны тавдугаар сарын 3-ны бямба гарагт болсон Парламентийн сонгуулиар Ардын Үйл Ажиллагааны Нам (АҮА) ялалт байгуулж Лоуренс Вонг Ерөнхий сайдын албаа үргэлжлүүлэхээр болсон. Ардын Үйл Ажиллагааны Намыг домогт Ерөнхий сайд Ли Куан Ю 1954 онд байгуулсан түүхтэй. 1965 оноос хойш тасралтгүй засаглаж байгаа нам юм. Барууны чиг баримжаатай ч, төрийн оролцоог тодорхой хэмжээгээр байх ёстой гэсэн үзэл баримтлалыг сууриа болгосон уг нам Парламентын нийт 97 суудлын 87 нь авч үнэмлэхүй ялалт байгуулсан байна.
Өнгөрсөн Бямба гарагт болоод өнгөрсөн Парламентын сонгуульд Z үеийнхний (1997-2004 онд төрөгсөд) 50 хүрэхгүй хувь нь Ардын Үйл Ажиллагаа Намыг дэмжсэн ажээ. Ардын үйл Ажиллагаа Намын хувьд үнэмлэхүй ялалт байгуулсан ч гэсэн ирээдүйн сонгуулиудад голлон оролцох Z үеийн төлөөллийн дэмжлэг бага байгаа дээр анхаарал хандуулах шаардлага тулгарч байна.
Зах зээл судалгааны “YouGov” компанийн 21 ба түүнээс дээш насны 1533 сингапурчуудын дунд явуулсан судалгаагаар Парламентын ээлжит сонгуулиар “АҮА” Намын 65.57 хувиар ялсан дүнтэй холбоотой хандлагыг дүгнэсэн. Уг судалгаанд оролцогсдын 56 хувь нь сонгуулийн үр дүнд сэтгэл ханамжтай байсан бол Z үеийн сонгогчдын хувьд энэ тоо 47 хувь байсан бөгөөд 35 хувь нь сэтгэл хангалуун байна гэсэн хариулт өгчээ.
Судалгаагаар Сингапурын Z үеийн сонгогчид сонгуульд ялалт байгуулсан намынханд итгэлгүй байгаа нь илэрсэн. Тэдний 37 хувь ирээдүйгээ өөдрөгөөр харсан байхад, миллениалуудын үеийнхний (29-44 нас) дунд энэ тоо 50 хувь, бэйби бумерүүдийн хувьд (61-79 нас) 56 хувьтай гарсан байна.
Мөн “This Week in Asia” сэтгүүл Z үеийнхэнтэй уулзаж ярилцахад “Өнгөрсөн сонгуулийн үр дүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд сөрөг хүчин илүү олон санал авах ёстой байсан гэдэг сэтгэгдлээ цахим орчинд илэрхийлж байсан” гэжээ.
24 настай сэтгэл судлал, хэл шинжлэлийн оюутан Ахмад Амсьяр Адом "Нийгмийн сүлжээ бол цуурайтсан орчин. Бид сөрөг хүчнийг дэмжсэн, ядаж нэг тойргийг ч болов авч магадгүй гэж бодож байлаа. Гэтэл тэр итгэл найдвар минь хийсэн алга болсон" гэсэн байна.
Тэрээр эрх баригч намд хэтэрхий их эрх мэдэл олгосноор тэд хүссэнээ хийх эрхтэй гэж ойлгож магадгүй гэж бодож байгаа аж.
Хачирхалтай нь “АҮА” Намын 14 дахь сонгуульд авсан санал өмнөх Ерөнхий сайд Ли Сиен Лүний 2020 онд авсан 61.23 хувиас өсөж 65.57 хувийн санал авсан. Шинэ Ерөнхий сайд анхны сонгуулиараа өмнөхөөс бага санал авдаг жишгийг Вонг эвдсэн юм.
“BowerGroup Asia” захирал Нидиа Нгиовын үзэж байгаагаар “Залуусын хувьд улс орны бүтээн байгуулалт, туулж ирсэн түүх гэхээсээ илүүтэйгээр амьжиргааны өртөг, орон байрны хүрэлцээ, үзэл бодлын олон ургалч байдал” зэрэгт илүүтэй санаа зовох болсон гэсэн байна.











