



















Сирийн Босогчид тус улсын нийслэл Дамаскийг эзлэснээр Ерөнхийлөгч Башар аль-Асадын дэглэм нуран уналаа. Сирийн босогчид нийслэлийг хяналтдаа авснаар Сиричүүд хотын гудамжинд баяраа тэмдэглэж байна хэмээн олон улсын хэвлэлүүд онцолж байна.
Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Асад одоогоор хаана байгаа нь тодорхойгүй байна. Зарим эх сурвалжууд түүнийг гэр бүлийн хамт Москва руу зугтсан хэмээн мэдээлж байна.
Харин Сирийн Ерөнхий сайд мэдэгдэлдээ, Засгийн газар "Ард түмний сонгосон ямар ч удирдлагатай хамтран ажиллахад бэлэн байна" гэж мэдэгджээ. Ингэснээр Сирийн засгийн газар босогчдод бууж өгч буйгаа зарлаж байна. Ерөнхий сайдыг Сирийн босогчид дагалдан явж байгааг харуулсан бичлэгүүд цахим орчинд нийтлэгджээ. Мөн босогчид Башар Аль-Асадын ордон болон хувийн машины цуглуулгуудыг бичлэг болгон цахимд оруулсаар байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар Сирид болж буй үйл явдал нь Ойрхи Дорнод дахь Ираны нөлөө дуусгавар болж буйг харуулж байна гэжээ. Ираны дэмжлэгтэй Башар Аль-Асадын дэглэм Сирид нурж, Израилын арми Хезболла болон Хамас бүлэглэлүүдийг устгаж, удирдагчдыг нь хөнөөснөөр нь Ираны нөлөө сулрав. Мөн Сирийн холбоотон ОХУ Украинтай дайтаж байгаа тул Сири дэх анхаарлаа сулруулсан эгзэгтэй үеийг тааруулан Сирийн босогчид хөдөлжээ.
Туркийн дэмжлэгтэй босогчид Сирийн чөлөөт нийгэм, хувийн өмчийг хамгаалахаа мэдэгдэв.











