



















Сирийн түр Ерөнхийлөгч Ахмед аль-Шараа Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо угсаа залгамжлагч хунтайж Мохаммед бин Салмантай уулзлаа. Энэ нь түүний гадаад дахь анхны айлчлал бөгөөд хоёр тал хүмүүнлэгийн болон эдийн засгийн хамтын ажиллагаа, эрчим хүч, технологи, боловсрол, эрүүл мэндийн салбарын ирээдүйн төлөвлөгөөг хэлэлцсэн байна. Мөн бүс нутгийн асуудлуудыг хөндөж, хоёр талын харилцааг сайжруулах талаар ярилцжээ. Шараа Саудын Арабт байх хугацаандаа Мекка хотод зочлох төлөвтэй байна. Сирийн шинэ засгийн газар Араб болон Барууны орнуудтай харилцаагаа бэхжүүлэхийг зорьж байгаа бөгөөд Саудын Араб энэ үйл явцад чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Ахмед аль Шараа гэж хэн бэ?
Ахмед аль-Шараа нь Сирийн шинэ засгийн газрын түр Ерөнхийлөгч бөгөөд өмнө нь "Хаят Тахрир аль-Шам" (HTS) бүлэглэлийн удирдагч байсан. "HTS" нь Сирийн иргэний дайны үед байгуулагдсан суннит исламист бүлэглэл бөгөөд 2016 онд Аль-Каидагаас салж, өөрийн үйл ажиллагааг явуулж эхэлсэн байдаг. Ахмед аль-Шараа нь HTS-ийг удирдан Сирийн хойд хэсэгт, ялангуяа Идлиб мужид нөлөөгөө тогтоосон.
2024 оны сүүлээр Ахмед аль-Шараа болон түүний удирдсан зэвсэгт бүлэглэлүүдийн давшилтын үр дүнд Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадын дэглэм нуран унасан юм. Үүний дараа 2025 оны 1-р сарын 29-нд зэвсэгт бүлэглэлүүдийн уулзалтаар Ахмед аль-Шарааг шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр томилж, Сирийн үндсэн хуулийг түдгэлзүүлэн, түр хууль тогтоох зөвлөл байгуулах эрхийг түүнд олгоод байгаа.
Ахмед аль-Шараа нь шинэ засгийн газрыг бүх нийтийг хамарсан байдлаар бүрдүүлж, улс орныг чөлөөт, шударга сонгууль хүртэл удирдах зорилготой гэдгээ мэдэгдсэн. Тэрээр хууль тогтоох байгууллага болон үндэсний яриа хэлэлцээний бага хурал зохион байгуулах хороог байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү бага хурал нь сиричүүдэд улс төрийн ирээдүйн төлөвлөгөөгөө хэлэлцэх боломжийг олгож, "Үндсэн хуулийн тунхаглал" гарган, шинэ үндсэн хуулийг боловсруулах үйл явцыг эхлүүлэх юм. Энэ үйл явц нь дөрвөн жил хүртэл хугацаа шаардаж магадгүй гэж үзэж байна.
Ахмед аль-Шараа нь Сирийн шинэ удирдагчийн хувьд бүс нутгийн болон олон улсын харилцааг сайжруулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа.
Ахмед аль-Шараа нь Сирийн иргэний дайны үед босогчдын талд идэвхтэй оролцож, HTS бүлэглэлийг удирдан, Ассадын дэглэмийн эсрэг тэмцэлд чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүний удирдлага дор "HTS" нь Сирийн хойд хэсэгт нөлөөгөө өргөжүүлж, улс төрийн шинэ дэглэмийг байгуулаад байна.
Тэрээр Сирийн дундаж гэр бүлээс гаралтай. Аав нь инженер, ээж нь газар зүйн багш аж. Ахмед аль-Шараа дунд боловсролтой, Сирийн Их сургуульд элсэн орж 2 жил анагаах ухааны чиглэлээр суралцсан боловч сургуулиа дүүргэж чадаагүй ажээ.











