



















Монголчуудад хүний эрхийн гүн бат ойлголтыг өгч, хүн гэдэг амьтан ямар олон эрхтэй байдгийг ойлгуулж, эрхийг нь хуульчилан хамгаалж, эрх чөлөөний үзлийг түгээсэн гавъяа яах аргагүй Ардчилсан намынх.
Монголчууд бидний ардчилал гэж ойлгодог Ардчилсан нам хэдийгээр нас залуу, цус шингэн ч архины охьд донтож, ар өврийн хуйвалдааны гүйцэтгэгч болсоор удлаа. Тиймдээ ч дангаар засаглах эрхийг ард олноос авч чаддаггүй байж мэднэ.
Ардчилал яахаараа архинд ордог юм гэх тоомжиргүй няцаалтаас урьтаж Ардчилсан намыг удирдаж, үзэл санааг түгээж байгаа хэн бүхний хэрэглээг ёжлож буйг ойлгох нь зүй.
Ардчилсан намаас сайдын суудал авсан зарим нэгний албан өрөөнд ойртох тусам архины охь, тамхины бохь ханх хийх нь хэзээний танил болоод удаж буйг олон хүн гэрчлэн ярих болоод удлаа. Намынхаа албан ёсны тамга тэмдгийг олж авч, сонгуульд өрсөлдөх хэмжээний чадамжтай болсон Ардчилсан нам эрх баригчдын барьцанд орж, өөрөө мэхээ сонгох эрхгүйгээр шахааны мэхээр сожуулсан ч өвдөг шороодчихгүй байх гэж хичээсээр… гэхдээ зарим нэгний сөнгийн донгоос улбаатай хөл алдаж өвдөг шороодон зодог тайлахад ойрхон болж гэсэн харуулсал газар авсаар байна.
Засгийн газарт эвсэж, хамтралын шанд намынханаа хоолтой залгуулж яваа нь одоогийн удирдлагуудын гавъяа гэж сайрхах зүйл биш ч гай бас биш. Гай нь савнаасаа бусдыг дийлдэг сархадад, сархадад донтсон дарга нарт байна гэж дүгнэх улстөр сонирхогчид олширсоор.
Засгийн газрын “гал авах” халуун чулуу бүрийг Ардчилсан нам атгаж, өөрсдийгөө “түлж”, ирээдүйд оноо авах олон зүйлээ үгүй хийж яваа ч үүнийгээ архиар аргадаж, тайвшрал олж, таашаал авч үл болно. Хэзээний л хэл амтай, хэрүүл тэмцэлтэй Ардчилсан намд архины дон илүүдсэн үү гэхээс дутуудаагүй.
Ардчилсан намын хамгийн том сул тал нь дотоод хагарал. Удирдлагын талцал, эрх мэдлийн төлөөх тэмцэл намаа хагалан бутаргаж, нэгдмэл бодлого явуулах чадамжийг нь үгүй хийсээр ирсэн түүхтэй. Гэтэл одоо сөнгийн дон гэх дайвар сул тал нэмэрлэх болов. Улс орны бодлогыг тодорхойлох томоохон хүчин болох нь битгий хэл, дотоод зөрчлөөсөө ч ангижирч чадахгүй архинд донтсон хэсэг бүлэг гэгдсээр байх уу. Анхандаа явган яриа байсан шахуу зүйл эрчийг авч, улстөрийн хүрээний амтай бүхэн ярих сэдэв болов. Олон нийтийн итгэлийг сэргээх бус харин ч улам бүр алдаж буй нь Ардчилсан намын сүйрлийг улам ойртуулж байгаа хэрэг биш биз.
Учир нь Ардчилсан нам бодлогын хоосрол, боловсон хүчний хомстолд орсон. Сонгуулиар ч сонгуулийн дараа ч тус намын зүгээс үндэсний хэмжээний тодорхой бодлого дэвшүүлж, нийгэмд өөрчлөлт авчрахуйц санаачилга гаргасан тохиолдол үгүй. Олон нийтийн өмнө хариуцлагатай улс төрийн хүчин гэдгээ харуулж чадахгүй байгаа нь АН-ын сүйрлийг түргэсгэж буй гол хүчин зүйл байж мэдэх. Өнөөгийн залуус АН-ыг үзэл санааны хүчирхэг түүчээ гэхээсээ улстөрчдийн эрх ашгийн төлөөх сүлжээ хэмээн харж байна.
Гэхдээ Ардчилсан намыг аврах ганц боломж бол жинхэнэ шинэчлэл.
Дотоод зохион байгуулалтаа цэгцэлж, удирдлагын хариуцлага, бодлогын тодорхой байдал, эв нэгдлийг хангаж, архины донгоосоо салах. Үгүй гэвэл энэ нам улс төрийн тавцангаас бүр мөсөн арчигдаж ч мэднэ. Хэрэв Ардчилсан нам үнэхээр улс төрийн бодит хүч байж, сонгогчдын итгэлийг сэргээхийг хүсэж байгаа бол өөрсдийн бурууг хүлээн зөвшөөрч, өнгөрсөн алдаанаасаа суралцах шаардлагатай. Үгүй бол Монголын улс төрөөс АН нэртэй улс төрийн хүчин алга болох нь цаг хугацааны асуудал төдий зүйл болчихоод байна. Хамтарсан засагт суудал хуваан суусан ХҮН нам орыг нь залгахад ойрхон байгааг ч мартаж үл болно.











