Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өчигдрийн уулзалтаар хөндөгдсөн гол асуудлуудын нэг нь шахмал түлшийг огт хатаахгүй бөгөөд чийгшил нь 13 хувьд хүрсэн гэх мэдээлэл байлаа. Гэтэл "Тавантолгой түлш" ХХК-ийн зүгээс чийгшил стандартын дагуу 4.5 хувьтай байна гэх хөндлөнгийн лабораторийн шинжилгээний хариуг өнөөдөр дэлгэв.
Тодруулбал, шахмал түлшний үзүүлэлт:
· Чийглэгийн агууламж 6 хувиас ихгүй
· Үнслэгийн агууламж 27 хувиас ихгүй
· Дэгдэмхий бодисын агууламж 22 хувиас ихгүй
· Хүхэрийн агууламж 1 хувиас ихгүй
· Илчлэгийн хэмжээ 5200ккал/кг-аас багагүй
· Бат бэхийн үзүүлэлт 80 хувиас багагүй гэж зааснаас
"Тавантолгой түлш" ХХК-ийн шахмал түлшний Техникийн үзүүлэлтүүд:
· Чийглэгийн агууламж 4,5 хувь
· Үнслэгийн агууламж 20,49 хувь
· Дэгдэмхий бодисын агууламж 19,90 хувь
· Хүхэрийн агууламж 0,78 хувь
· Илчлэгийн хэмжээ 6632 ккал/кг
· Бат бэхийн үзүүлэлт 90 хувь буюу MNS 5679:2022 стандартын бүх үзүүлэлтийг хангаж байна гэв.
Дээрх шинжилгээний хариуг ‘’Эс ЖИ Эс Ай Эм ЭМ И Монголиа’’ ХХК-ийн лабораториор хийлгэж, MNS 5679:2022 стандартын шаардлагыг бүрэн хангасан гэжээ.
Гэхдээ түлш стандарт хэмжээнд хүрч буй гэх шинжилгээний хариу гаргасан дээрх лабораторийг хэрхэн сонгосон бэ? гэдэгт "Тавантолгой түлш" ХХК-ийнхан хариулт хэлэхгүй байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд сайжруулсан шахмал түлшний чийглэгийн агууламж 13 хувьтай, хатаалт муу хийж буй гэх мэдээллийг хэн өгсөн бэ? Ерөнхийлөгч, "Тавантолгой түлш" ХХК-ийн удирдлагуудын хэн нь худал ярьсан болж таарах вэ?
Жил ирэх бүр чанар, стандарт нь муудаж, хоруу чанар нь нэмэгдсэн гэх сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлсэн 2019-2023 оны хооронд 147 хүн угаартаж нас барсан. Өнгөрсөн онд хоёр мянга гаруй иргэн угаарын хийнд хордсон. Ийм байхад сайжруулсан шахмал түлшний чанар, стандартад асуудал байхгүй гэж "Тавантолгой түлш" ХХК-ийн удирдлагууд гүрийсээр Ерөнхийлөгчийн өмнө үнэнд гүйцэгдэв.
Сайжруулсан шахмал түлшний чийгшил 13 хувьд хүрч, хатаалт хийгдээгүй нь утаа нэмэгдэх шалтгаан болсоныг Ерөнхийлөгч онцлов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад сайжруулсан түлшний чийгшил 4,5 хувьтай байжээ. Харин тэдний зүгээс өнөөдөр Ерөнхийлөгч худал ярьсан гэх далд утгатай үг дайв. Тодруулбал, 2019 онд түлшний чийг 10 хувь байсныг 2022 онд 6 хувь болгон бууруулсан. Үнслэгийн агууламжийг 29-27, илчлэгийг 4200-аас багагүй байсныг 5200 болгож өгсөн гэв.
Сайжруулсан шахмал түлшний үндсэн түүхий эд нь мидлинг, барьцалдуулагч. 95 хувь нь мидлинг, 5 хувь нь барьцалдуулагч буюу холбогч эд. Мидлингийг 5 мм хүртэл нунтаглан барьцалдуулагчтай холин хэвэнд оруулж хаатаасныгаа сайжруулсан шахмал түлш гэж нэрлээд буй. Барьцалдуулагч нь ургамлын гаралтай гэх ч иргэд химийн хортой орц найрлагатай, хүний биед сөрөг нөлөөтэй гэж хардаж буй.
/архив: 2018 оны арваннэгдүгээр сар/
Ерөнхийлөгчийн өчигдрийн мэдэгдэлд нэг үг анхаарал татсан нь шахмал түлшний БАРЬЦАЛДУУЛАГЧ. Барьцалдуулагч хоёр төрлийнх байгаа шүү гэж тэрээр хэлсэн. Үүгээр бол барьцалдуулагч химийн бодис агуулсан хортой гэх иргэдийн хардлага бодитой байхыг ч үгүйсгэхээргүй болж таарав. Шахмал түлштэй холбоотой асуудлыг нэг талд нь гаргаж, буруутай этгээдүүдийг ‘’зайлуулах’’ хэрэгтэйг ч Ерөнхийлөгч сануулав. Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог ч эргэн байгуулж утаатай холбоотой асуудалд цэг тавина гэв. Энэ хороог татан буулгасан нь УБ утаатай боллоо гэж Ерөнхийлөгч хараад байгаа бололтой...
Улаанбаатарын утаа арай дэндэж, урдах замаа харж чадахгүй болж, утаанаас үүдэлтэй уушгины хатгалгаа, ханиад томууны хүндрэл эрс нэмэгдэв. Тиймдээ ч, дүүргийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрч буйд шүүмжлэлтэй хандсан сэтгэгдлүүд сүүлийн хэдэн өдөр нийгмийн сүлжээгээр хөвөрч байна. Иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч, нийгмийн сүлжээн дэх тэдний бухимдал үргэлжилсээр...