Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь 50 метр квадрат байранд хүн амьдарчихна шүү дээ гэж саяхан мэдэгдэв. Шинэ гэр бүл болж буй залуусаа дэмжиж буй Засгийн газрын ипотекийн бодлого нь тэдэнд сонголт өгөлгүй 50 метр квадрат байранд амьдар гэж хүчирхийлэх. Залуусд зориулсан бодлого бүхэн нь хөрөнгө чинээнд нь тааруулж ялгаварлан гадуурхах...
Таван шарын баруун талд байрлах ‘’Залуус’’ хорооллын нэг өрөө байр 25 метр кв. Яармагийн ‘’Вива сити’’-ийн нэг өрөө байр 30 метр кв, Хангай хотхоны нэг өрөө 18 метр кв. ‘’Бөгс’’ эргэх боломжгүй, давчуу. Тухайн үед залуусд хямд үнэтэй орон сууц барьж гийгүүллээ гэх үеэр яг үнэндээ уурсах хүмүүс олдсон. Учир нь хэтэрхий жижигхэн, залуусд гэхээрээ ийм жижигхэн орон сууц барих ёстой байсан уу ? гэх мэтээр ундууцаж байв. Хэтэрхий жижигхэн байранд давчдах, тавгүйтэх, тухгүй байдал үүсэх зэрэг нь энүүхэнд... Ганц бие хүнд ч давчдах энэ мэт орон сууцнуудад гэр бүлүүд үр хүүхэдтэйгээ амьдрахад хэцүү. Гурвуулаа, дөрвүүлээ тойроод суучих ширээ ч тавьж болохгүй. Хаанаа унтах ороо байрлуулж, хаанаа буйдангаа тавьж суугаад зурагтаа үзчих вэ гээд ‘’оготны нүх’’ гэлтэй. Тиймээс ч залуусд гэж хаягласан дээрх хоёр байранд амьдрахаас илүүтэйгээр түрээслүүлэх нь элбэг. Тэнд мөн л байрны урьдчилгаагаа цуглуулж буй залуу гэр бүлүүд хямдыг нь бодож амьдрах гэж аргалж буй. Жижигхэн, тухгүй учраас бусад түрээсийн орон сууцнуудыг бодвол үнэ нь арай хямд.
Яагаад Монгол залуус, залуу гэр бүлүүдэд орлогод нь тааруулж метр квадратын сонголттой орон сууцыг ипотекоор олгож болохгүй гэж? Цалин орлогоосоо хурааж, хуримтлуулсан мөнгөндөө тааруулж 50-ыг ч, 80 метр кв-ыг ч сонгож болох бодлогыг Засгийн газар хэрэгжүүлэх учиртай. Залуус ихэвчлэн аятайхан байршилд, тухтай амьдрах гурван өрөө байр сонгох сонирхолтой. Учир нь тэд өсөж үржинэ. Алс хэтээ бодож нэг мөр томоохон метр кв-тай байранд орчихвол насны юм гэж зорьдог олон залуу гэр бүл бий. Энэ хэмжээний байранд амьдрахын тулд хоёр идэхгүй, хоосон хонохгүйгээр цалин, орлогоосоо орон сууцны урьдчилгаагаа хуримтлуулж хадмын хаяа, айлын хажуу бөөрөнд амьдарч буй олон залуу гэр бүл бий. Ипотекийн зээлэнд залуу насаа зориулж яваа олон мянган залуус 50 метр квадратаа дараа томруулна гэх боломж тэдэнд олдох уу? Тэгээд ипотекийн зээлээ нэг иргэнд нэг удаа л олгоно гэчихээд аль боломж, бодлогоор чинь тэд байраа томруулна гэж амьдрах вэ?
Монгол Улсын хүн амыг өсөн нэмэгдүүлэх бодлогын нэн тэргүүнд орон сууцны хүртээмж байх учиртай. Аав,ээжийнхээ хаяанд, айлын хажуу өрөөнд амьдарч буй гэр бүлүүд тусдаа гарахаараа хүүхэдтэй болно гэж төлөвлөдөг. Харин нөгөө хэсэг нь байраа томруулсаныхаа дараа хүүхэдтэй болъё гэдэг. Гэтэл умгархан өрөөнд арай гэж багтаж, шингэж буй гэр бүлүүд хүүхэд төрүүлье гэж төлөвлөх нь юу л бол....
Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын ипотекийг ялгавартай олгож, залуусаа дэмжиж буй гэх нэрийн доор 50 метр кв-аар тэдний амьдралын чанарыг доройтуулж буй бодлогын цаана үндэсний аюулгүй байдал ч яригдах учиртай.
Шинэ сэргэлтийн бодлого’’-ын хүрээнд хөдөө рүү шилжин суурьшагчдад орон сууцны зээлийн санхүүжилтийнхээ 50 хувийг зарцуулна. Орон нутагт метр квадратын хэмжээ тогтоохгүй ипотек олгоно.
Засгийн газрын энэ бодлого нь нийслэлийн төвлөрлийг сааруулж, орон нутаг руу иргэдийнхээ хөдөлгөөнийг чиглүүлэх. Гэхдээ томхон шиг метр кв-тай байранд орохын тулд залуус хөдөө, орон нутгийг чиглэнэ гэдэг юу л бол? Тэнд ажлын байрнаас авхуулаад аяга кофе тухтай уучих олигтой газар байхгүй зэргээр хүнээ бодсон, хүндээ чиглэсэн дэд бүтэц маруухан.Монгол хүн эх орондоо хаана ч амьдрах боломжтой таатай нөхцөл бүрдүүлж, хот суурин газрууд бий болсон цагт ийм сонголт өгвөл болох. Тэгээд ч хөдөө, орон нутагт ипотекийн зээлийн ихэнх санхүүжилт чиглэж буй гэх ч тэнд зээд олголт тун муу байгааг нутгийн удирдлагууд хэлж байсан нь саяхных.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оныг залуучуудын жил болгон зарласан.
Ингэхдээ 50 метр кв байр авах залуу гэр бүлүүдэд санхүүжилтийг нь эхний ээлжинд олгож, хэрвээ ипотекийн зээлийн эх үүсвэр үлдвэл дараагийн байраа авч буй, байраа томруулах хүсэлтэй иргэд рүү чиглүүлнэ гэх. 60,70,80 метр кв байранд оочерын эрэмбэ үүсгэж, хүүгийн ялгаа тогтооно. Яагаад 80 метр кв байранд ипотекийн зээл авахын тулд дараалалд хүлээж шийтгүүлэх ёстой гэж. Тэгээд ч өмнө нь ипотек авсан иргэдэд дахин ипотек олгохгүй гэх бодлого барьж буй мөртөө дараа томруулж болно гэх молиго үмхүүлж буй. Засгийн газрын мунгинуу бодлогын балгаар орон сууцны үнэ дэмий хөөсөрч, 50 метр кв байрны үнэ тэнгэрт хадах вы...