



















2020-2024 оны парламентад сууж байсан 30 гишүүн тусгай тэтгэмжээ авах хүсэлтээ гаргажээ.
Тэд УИХ-ын тухай хуулийн 41.9-д "Гишүүний бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно" гэж заасны дагуу УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан цалинтай дүйцэхүйц буюу нэг сарын цалин болох 4 сая төгрөгийн тэтгэмжээ авна гэж УИХ-ын тамгын газарт ханджээ.
Өнгөрсөн парламент нь 76 гишүүнтэй байсан. Үүний тал буюу 38 нь дахин сонгогдож УИХ-ын гишүүний бүрэн эрхээ эдэлж, хууль баталж сууна. Ингээд үлдсэн 38 буюу дахин сонгогдоогүй гишүүдийн нэрсийг жагсаалаа. Эдгээр гишүүдээс 30 нь тусгай эрхийн тэтгэмжээ авахаар УИХ-ын тамгын газарт хүсэлтээ гаргаад байна.
Доор жагсаасан 36 УИХ-ын гишүүн аснаас Ё.Баатарбилэг Хөгжлийн банкны хулгайн хэрэгт холбогдож "НБЦ" ХХК-д давуу байдал олгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шүүгдэж, шүүхээс түүнд 6 жилийн хорих ял оноосон. Тэрээр одоо хорих ангид шийтгэлээ хүлээн, хоригдож байна. Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг эрэн сурвалжилсан тухай мэдээлэл одоогоор гараагүй. Мөн холбогдсон хэргийг нь ч шалгаж дууссан эсэх тодорхойгүй хэвээр. Үндсэндээ Ж.Мөнхбат гишүүн асан аниргүй алга болсон.
Авлигын хэрэгт холбогдсон улс төрчдийн дунд УИХ-ын гишүүн асан А.Адъяасүрэн, Ц.Анандбазар, Д.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд, Ж.Сүхбаатар нар мөн багтаж буй. Тухайлбал, А.Адъяасүрэн нь нүүрсний хулгайн гэмт хэрэгт тэр дундаа бусдад авлига өгсөн үндэслэлээр АТГ-т шалгагдаж буй. Харин Ж.Сүхбаатар гишүүн асныг ногоон автобусны хэрэгт буруутгаж, 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр шалгаад байсан юм.
Ёндонпэрэнлэйн Баатарбилэг (МАН)
Жамъянгийн Мөнхбат (МАН)
Гомбожавын Занданшатар (МАН)
Ганибалын Амартүвшин (МАН)
Амгалангийн Адъяасүрэн (АН)
Цогт-Очирын Анандбазар (МАН)
Пүрэв-Очирын Анужин (МАН)
Бямбасүрэнгийн Энх-Амгалан (МАН)
Шатарбалын Раднаасэд (МАН)
Сүхбаатарын Батболд (МАН)
Гомпилдоогийн Мөнхцэцэг (МАН)
Хаянгаагийн Болорчулуун (МАН)
Цэдэвийн Сэргэлэн (МАН)
Төмөртогоогийн Энхтүвшин (МАН)
Цэдэндамбын Цэрэнпунцаг (МАН)
Балжиннямын Баярсайхан (МАН)
Содномын Чинзориг (МАН)
Дуламдоржийн Тогтохсүрэн (МАН)
Гочоогийн Ганболд (МАН)
Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ (АН)
Наянтайн Ганибал (АН)
Жаргалтулгын Эрдэнэбат (МАН)
Дамдинсүрэнгийн Өнөрболор (МАН)
Нямаагийн Энхболд (МАН)
Чимэдийн Хүрэлбаатар (МАН)
Ширнэнбандийн Адъшаа (АН)
Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ (МАН)
Баагаагийн Баттөмөр (МАН)
Батсүхийн Саранчимэг (МАН)
Мөнхөөгийн Оюунчимэг (МАН)
Бадарчийн Жаргалмаа (МАН)
Цэндийн Мөнх-Оргил (МАН)
Хишигийн Нямбаатар (МАН)
Цэрэнжамцын Мөнхцэцэг (МАН)
Жамъянхорлоогийн Сүхбаатар (МАН)
Даваажанцангийн Сарангэрэл (МАН)
Өмнөх парламентаар овоглох гишүүдийн нэг нь одоогийн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар. Тэрээр улс төрийн шийдвэр гаргаж, бүрэн эрхээсээ татгалзсан юм.
Улсын Их хурлын тухай хуульд, тухайн тэтгэмжийг зөвхөн эгүүлэн татсан гишүүнд олгохыг хориглосон юм.
УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох заалт нь шинэ зохицуулалт биш гэж УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж тайлбарлав. Тэрээр, энэхүү тэтгэмж нь 1992, 1996, 2006 оны парламентад хэрэгжиж байсан гэлээ. Мөн бүрэн эрх нь дуусгавар болсон гишүүдэд тухайн тэтгэмжийг 12 сараар нь буюу нэг дор бөөнөөр нь олгохгүй. Сар бүр тухайн гишүүн асны гаргасан хүсэлтэд үндэслэж энэхүү тэтгэмжийг олгодог байна.











