



















Тагнуулын төв газрын захирал Жон Ратклифф хэлэхдээ, 2016 оны сонгуулийн өмнөхөн АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (FBI) нь Трампын тухай “Оростой холбоотой” гэх худал мэдээллийг тархаахад "Гал дээр тос нэмж" оролцсон гэжээ. Энэ нь ирэх өдрүүдэд нийтэд ил болох гэж буй нууцалсан баримт бичгүүдээр нотлогдох аж.
Ратклифф мэдэгдэхдээ, Трамп-ОХУ-ын хуйвалдааныг мөрдөн шалгасан Хууль зүйн яамны тусгай прокурор Жон Дархамын 2023 оны тайлангийн нууц хавсралтыг олон нийтэд ил болгохоор төлөвлөж байгаагаа дурдсан юм.

Холбооны Мөрдөх Товчооны шалгалт нь Их Британийн тагнуулын ажилтан асан Кристофер Стиллийн боловсруулсан, Хиллари Клинтоны сонгуулийн багийн захиалгаар хийгдсэн хуурамч досьед ("Досье" гэдэг нь тодорхой хүн, байгууллага, үйл явдалтай холбоотой цуглуулсан баримт бичгүүдийн багц юм. Энэ үг нь франц хэлний dossier 'баримтын хавтас' гэсэн үгнээс гаралтай бөгөөд олон хэл дээр ижил утгатай хэрэглэгддэг) үндэслэгдсэн байжээ. Уг досье нь тухайн үеийн Ерөнхийлөгчид нэр дэвшигч Доналд Трампын талаар нотолгоогүй, хэт дэгсдүүлсэн мэдээлэл агуулсан байсан аж.
Ратклифф Fox News сувгийн “Sunday Morning Futures” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа:
“Дархамын тайлангийн нууц хавсралтад багтсан тагнуулын мэдээллүүд нийтэд ил болох гэж байна. Эдгээр баримт нь үүний цаана зөвхөн Хиллари Клинтоны явуулга байсан төдийгүй FBI өөрөө энэ худал досьег дэмжиж, худал мэдээллийг улам хөөргөж, үнэнийг дарсан нь харагдана” хэмээн хэлжээ.
Бүгд Найрамдахчуудын зүгээс Трампын Хууль зүйн яамнаас энэ худал хуйвалдааныг тараахад оролцсон этгээдүүдэд хариуцлага тооцохыг шаардаж байна. Уг хуйвалдаан нь ерөнхийлөгч Трампын анхны бүрэн эрхийн хугацааг ихээхэн сааруулсан гэж тэд үзэж байгаа юм.
Энэ сарын эхээр Үндэсний тагнуулын захирал Тулси Габбард Трамп-Оросын хэрэгтэй холбоотой хэдэн арван хуудас баримтыг ил болгосон. Тэдгээр баримтад 2016 оны сонгуулийн дараах нөхцөл байдлын үнэлгээг өөрчлөхийг Ерөнхийлөгч Барак Обама "Тагнуулын төв газарт" тушааж байсан нь дурдагджээ. Уг шинэчлэгдсэн үнэлгээнд Орос Трампын талд ажилласан гэх агуулгыг оруулсан байна.
Тагнуулын төв газрын тэргүүн асан Жон Бреннан 2016 оны 12-р сард гаргасан үнэлгээндээ, байгууллагынхаа өндөр албан тушаалтнуудын “Стиллийн досьег бүү ашигла” гэсэн саналыг үл тоосон байна. Харин шинэчилсэн үнэлгээндээ тэрээр уг досьег ашигласан бөгөөд энэ нь Орос Трампыг дэмжихийн тулд ажилласан гэх үндэслэл болгожээ.
Ратклифф мэдэгдэхдээ, тухайн үед ТТГ болон FBI-ийн удирдлагууд, тэр дундаа Жон Бреннан болон Жэймс Коми нар Трампын эсрэг хуйвалдаанд оролцсон гэж мэдэгдсэн бөгөөд энэ нь одоо ч үргэлжилж байгаа, цаашид хуулийн хариуцлагад татах боломжтой хэмээн онцолсон байна.
Тэрбээр 2020 оны 9-р сард Конгрессын өмнө өгсөн Жэймс Комигийн мэдүүлэг нь тун удахгүй ил болох нууц тагнуулын баримтуудтай зөрчилдөж байгааг ч хэлсэн юм.
Жон Дархамын тайлангаас харахад FBI Трампын багийг шалгах ажиллагааг ямар ч үндэслэлгүйгээр хэт яарсан байжээ. Тэд нотлогдоогүй Стиллийн досьег ашиглан Трампын зөвлөх Картер Пэйжийг тагнах зөвшөөрөл авахдаа хуурамч мэдээлэл ашигласан байна. Үүнтэй холбоотойгоор FBI-ийн нэг хуульч буруугаа хүлээн зөвшөөрч, буруутай нь тогтоогдсон юм.











