



















УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсөв болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдэд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.
Чуулганы хуралдаанд хориг тавьсан үндэслэл шалтгааны талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцуулсан. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсны дараа байнгын хороодын дэмжсэн саналыг дэмжье гэдэг томъёоллоор санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 78.7 хувийн саналаар 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.
Ингэснээр УИХ-ын Ёс зүй дэгийн байнгын хороо УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан батлуулж, тэр дэгээр нь Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тухайд 2025 оны улсын төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавихдаа дараах шаардлагыг тавиад байсан юм.
Гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан, гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмуудыг анхаарч мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж алдагдалгүй төсөв батлах.
Ард иргэд, баялаг бүтээгч, татвар төлөгчид болон мэргэжлийн байгууллагуудын зүгээс төсвийн сахилга батыг чангатгах
Үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцүүлэн төсвийн зардлыг бууруулах,
Чиг үүргийн давхардлыг арилгах,
Улс төрийн нам, эвслүүд сонгуулийн амлалтаа биелүүлэх,
2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан хоригийг холбогдох хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэх гэжээ.
Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчөөс УИХ-ын баталсан Улсын төсвийн тухай хуульд есөн удаа хориг тавьж байжээ. Үүний 6 нь бүхэлд нь, 3-д нь хэсэгчилсэн хориг тавьж байжээ. Төсвийн хуульд бүхэлд нь тавьсан 6 удаагийн хоригийг УИХ хүлээж аваагүй бол хэсэгчилж тавьсан хоригуудаас нэг удаа хүлээж авч байжээ. Анх удаа Төсвийн тухай хуульд Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг УИХ хүлээж авлаа. Одоо төсөвт тавьсан хоригийг хэрхэн хэлэлцэх нарийвчилсан зохицуулалт байхгүй тул Ёсзүй дэгийн байнгын хороо нэг удаагийн дэгийг боловсруулж, УИХ тогтоол гаргаж тухайн дэгээр нь хэлэлцэхээр тохирлоо.











