



















Аугаа Кеннидигийн омгийн нэг гишүүн Шүүх Яамны сайд байхдаа бусдад буудан хороогдсон Роберт Фецжеральд Кеннедигийн хүү, Ерөнхийлөгч асан Жон Фецжеральд Кеннедигийн бүл дүү Роберт Кенниди Жр-ийг АНУ-ын “Эрүүл мэнд, Хүний нөөцийн алба”-ны нарийн бичгийн дарга HHS (АНУ-ын Эрүүл мэнд, хүний нөөцийн алба гэх энэхүү албан тушаал нь эрүүл мэндийн бүх асуудлаар АНУ-ын ерөнхийлөгчийн гол зөвлөхөөр ажилладаг. АНУ-ын Засгийн газрын гишүүнд тооцогддог. АНУ-ын Засгийн Газрын чиг үүргийн яамдууд нь бусдаас ялгамжтай нэршилтэй байдгаараа онцлог)-т нэр дэвшсэн нь Ерөнхийлөгч Доналд Трампын багт багтах нарийн бичгүүдийн хувьд ихээхэн маргаантай нэр дэвшигчийн нэг болоод байна.
Түүн дундаа Лиузиана мужаас сонгогдсон Бүгд Найрамдах намын гишүүн сенатор Билл Кассидагийн хувьд хар дарсан зүүд гэлтэй л боллоо.
Роберт Кеннеди Жр тухайн албан тушаалд очих эсэх нь Лиузиана мужаас сонгогдсон Бүгд Найрамдах намын гишүүн сенатор Билл Кассидагаас шууд хамаарах болчихоод байгаа юм. Билл Кассида эмч мэргэжилтэй бөгөөд сенатын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр болон хөгжлийн хороог тэргүүлдэг юм. Тэрээр Кеннидигийн “Вакцин”-тай холбоотой үзэл баримтлалтай санал нийлдэггүйгээрээ алдартай.
Билл Кассида “70 настай хүн, вакциныг удаан хугацаанд шүүмжилж, тэр бүгдийг буруутгах санхүүгийн ашиг сонирхолтой байсан байж, яаж одоо АНУ-ын вакцины бодлогыг удирдах хамгийн чухал албан тушаалд томилогдох гэж байгаа юм. Томилогдсоны дараа өөрийнхөө үзэл бодол, хандлагаа яаж өөрчлөх юм бэ?” гэж Кеннедигээс асууж байсан удаатай.
Хэрэв Билл Кассида ардчилсан намаас сонгогдсон гишүүдтэй нэгдэж чадвал нэр дэвшигчийг батлахгүй байх бүрэн боломжтой болно. Ардчилсан намаас 2023 онд гарсан Роберт Кенниди Жр нь улстөрчийн хувьд одоо аль нэг намаас хамааралгүй болсон юм. Тиймээс Кеннидигийн овог Ардчилсан намтай салшгүй холбоотой боловч Ардчилсан намаасаа нүүр буруулсан Роберт Кенниди Жр-ийг тус намаас сонгогдсон сенаторууд нарийн бичгийн албан тушаалд дэмжихгүй нь тодорхой. Доналд Трампын Засгийн газартаа нэр дэвшүүлээд байгаа хүмүүсийн дунд Ардчилсан намаас Бүгд найрамдах нам руу элссэн эсвэл хамааралгүй нэр дэвшигчид хэд хэд байгааг тодотгох нь зүйтэй.
Хэрвээ Кассида нэр дэвшигчийн эсрэг санал өгвөл түүний Бүгд Найрамдах нам дахь байр суурь цаашид ганхаж магадгүй байдалд орно. 2026 оны сенатын сонгуульд гуравдахь удаагаа нэр дэвших хүлээлттэй байгаа түүний хувьд бараг л боломжгүй болно гэсэн үг.
Өнгөрсөн долоо хоногт Кассида Кеннедигийн “Вакцин”-тай холбоотой байр суурийг хүчтэйгээр шүүмжилж байсан нь түүнд эмч хүний ёс зүйн хувьд, сэтгэл түгшээсэн асуудал байгаатай холбоотой. Хэрвээ тэр улстөрийнхөө байр суурийг хадгалж үлдэхийн тулд Кеннедиг дэмжвэл “Ёс зүй” гэдэг зүйлийг уландаа гишгэсэн болно. Харин эмч хүнийхээ "Ёс зүй"-г баримталбал тэрээр улстөрийн хувьд үхдэл болж магадгүй. Эс бөгөөс өөрийн нэр хүндийг ашиглан Ардчилсан намд элсэж 2026 оны сонгуульд нэр дэвших боломжоо ашиглаж бас болно. Ер нь яагаад болохгүй гэж Роберт Кенниди Жр Ардчилсан намаас гарч улстөрчийн хувьд аль нэг намаас хамааралгүй болсон ч Доналд Трампын засгийн газарт өндөр алба хаших гээд явж л байна шүү дээ. Билл Кассидад ч ийм боломж байгаа.
Билл Кассида нь гастроэнтерологич мэргэжилтэй, эрүүл мэндийн сургуульд багшилж байсан багш бөгөөд Луизиана дахь олон хүүхдэд В гепатитийн вакциныг өгч, олон нийтийн эмнэлгийн хөтөлбөрүүдийг санаачилсан туршлагатай. Түүний эхнэр Лаура Кассида ч хавдрын мэс засалч юм.
Хэрэв Роберт Кеннеди Жр батлагдвал АНУ-ын “Эрүүл мэнд, Хүний Нөөцийн Алба” (HHS)-ийн нарийн бичгийн даргаар томилогдох бөгөөд энэ нь гурван их.наяд ам.долларын эрүүл мэндийн санхүүжилт, түүний дотор хүнсний болон эмийн Захиргаа “Medicare”, “Medicaid”-ийн хөтөлбөрийг хариуцдаг агентлагуудыг удирдах үүрэгтэй.
Одоогоор Билл Кассида “Кеннидийн баталгаажуулалтын талаар ямар нэг мэдэгдэл гаргаагүй байгаа бөгөөд түүний хувьд ёс суртахуун эсвэл улстөр” гэсэн ацан шалаанд орсон байхыг үгүйсгэх газаргүй.











