



















БНСУ-ын шинэ ерөнхийлөгч Ли Жэ Мён ирэх долоо хоногт Вьетнамын дээд удирдагч То Ламыг (Вьетнамын Коммунист Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга) хүлээн авч уулзах юм. То Ламын айлчлал нь дэлхийн худалдаанд тодорхойгүй байдал нэмэгдэж буй үед тохиож байна. Хоёр орны тэргүүн нар хоёулаа технологийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг зорьж буйг хоёр талын эх сурвалж онцолсон юм.
Түүхийн хувьд БНСУ-ын компаниуд Зүүн Өмнөд Азийн энэ оронд хамгийн том хөрөнгө оруулагч байсаар ирсэн. Вьетнамын Засгийн газрын мэдээлснээр өнгөрсөн оны эцсийн байдлаар БНСУ тус улсад нийт 92 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байна. Хөрөнгө оруулалтын ихэнх нь үйлдвэрлэлийн салбарт төвлөрсөн аж.

"То Лам энэ сарын 10-ны ням гарагт дөрөв хоногийн төрийн айлчлалаар БНСУ-д айлчлах төлөвтэй байгаа ба энэ нь Ерөнхийлөгч Ли Жэ Мён зургадугаар сард албан тушаалаа авснаас хойших анхны төрийн айлчлалаар зочин хүлээн авах болно" гэж нэрээ нууцалсан эх сурвалж хэлжээ. Айлчлалыг хараахан албан ёсоор зарлаагүй байгаа юм.
Нөгөө эх сурвалжийн хэлснээр дэлхийн худалдааны тодорхойгүй байдал Сөүлд болох хэлэлцээрүүдийн гол сэдвийн нэг байх ажээ. Энэ уулзалт нь Доналд Трампын засаг захиргаа өнгөрсөн долоо хоногт БНСУ, Вьетнам зэрэг олон орны бараанд шинэ татвар ногдуулахаар шийдвэрлэсний дараа болж байгаа юм.
БНСУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан бол Вьетнамын ГХЯ шууд хариу өгөөгүй байна.
Вьетнам өнгөрсөн жил олон улсын корпорациудад ногдуулах татвараа нэмэгдүүлснээр гадаадын хөрөнгө оруулагчдаас шүүмжлэл хүлээсэн бөгөөд одоо АНУ руу гаргаж буй экспортод нь 20 хувийн татварт ногдож байгаа. Харин БНСУ-ын бүтээгдэхүүнд 15 хувийн татвар ногдуулж байгаа аж.
БНСУ-ын хөрөнгө оруулалт нь Вьетнамд хэд хэдэн судалгааны төв байгуулж, тус улсын компаниудад үнэтэй технологи дамжуулахад хүргэсэн билээ.
Өмнөд Солонгосын олон үндэстэн дамнасан компаниуд Вьетнамыг экспортын бааз болгон ашигладаг. Үүнд хямд ажиллах хүч, татварын хөнгөлөлт, мөн Вьетнамын олон улсын чөлөөт худалдааны гэрээнүүд нөлөөлжээ.
Samsung Electronics (005930.KS) нь Вьетнам дахь хамгийн том гадаад үйлдвэрийн баазтай бөгөөд дэлхий даяар зардаг гар утасныхаа талаас илүү хувийг Вьетнамаас бусад улс руу экспортлодог. Эдгээрийн ихэнх нь АНУ-д экспортлогддог байна.
Гэвч энэ жил Өмнөд Солонгосын компаниудын шинэ хөрөнгө оруулалт саарсан аж. Вьетнамын сүүлийн үеийн статистикт тэднийг эхний долоон сарын хөрөнгө оруулагчдын жагсаалтад дурдаагүй байна.
Гэсэн ч Вьетнамд үйл ажиллагаа явуулж буй компаниудын дийлэнх нь одоохондоо үйл ажиллагаагаа шилжүүлэх бодолгүй байгаа аж. Учир нь Вьетнам одоо ч өрсөлдөгч орнуудаас давуу, татварын үр нөлөө тодорхойгүй, мөн өмнөх томоохон хөрөнгө оруулалтуудаас болоод гэнэт нүүхэд хүндрэлтэй байгааг хоёр эх сурвалж хэлжээ.
Вьетнам зарим салбарт өөр татварын хөнгөлөлт хэлэлцэх боломжтой юу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Ялангуяа цахим бүтээгдэхүүний экспорт – Солонгосын компаниудад хамгийн чухал салбар – багасгасан татварт багтах эсэх нь эргэлзээтэй хэвээр байна.
Энэ оны 4-р сард Доналд Трампын засаг захиргаа лэптоп, ухаалаг утас зэрэг зарим электроникийн бүтээгдэхүүнийг шинэ татвараас чөлөөлсөн ч энэ чөлөөлөлтийн хугацаа болон хамрах хүрээ нь тодорхой бус хэвээр байгаа юм. Харин хагас дамжуулагч бүтээгдэхүүний татварыг удахгүй зарлах төлөвтэй байна.











