




















В.В.ПУТИН: “БАЙГАЛИЙН ХИЙГ МОНГОЛЫН НУТГААР ДАМЖУУЛАН ӨНГӨРҮҮЛЭХ БУС МОНГОЛЫН ХЭРЭГЛЭГЧДЭД НИЙЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ”
Таван жилийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчлалаа. Тав дахь удаагаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгыг хүлээн авч ирсэн, хойд хөршийн тэргүүн энэ удаад байгалийн хийн хоолойг монголоор дамжуулах бус хэрэглэгч орон болох саналыг тавилаа. Мөн шатахуун, тос, тослох материалыг нийлүүлэлтийг тасалдуулахгүй гэдгээ дахин амлалаа. Харин 33 жилийн настай “Эгийн голын УЦС”-ын төслийн тухайд, байгаль орчны үнэлгээ хийх хамтарсан ажлыг хэсгийг байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Орос, Монголын эдийн засгийн түшиг тулгуур нь Улаанбаатар төмөр зам ХНН. Энэ байгууллагын суурь бүтцийг шинэчлэх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө оруулалтыг нь нэмэх асуудалд хоёр тал тохирсон байна. Хоёр улсын төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээ хүмүүнлэгийн хамтын ажиллагааг ч хөндөж ярилцсан. Ингэхдээ хойд хөршийн тэргүүн ОХУ-д суралцах хүсэлтэй оюутнуудад олгох ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэх саналыг гаргалаа.
У.ХҮРЭЛСҮХ: “ХОЁР ОРНЫ НАЙРСАГ ХАРИЛЦААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖУУЛСАН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АЙЛЧЛАЛ БОЛЛОО”
Олон улсын Эрүүгийн хэргийн шүүхээс ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг “дайны гэмт хэрэгтэн” гэж буруутгаснаас хойш анх удаа тэрээр дипломат айлчлалыг манай улсад ийнхүү хийлээ. Энэ нь барууны орнуудын анхаарлыг ихэд татсан. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд, Ерөнхийлөгч В.В.Путины энэ удаагийн айлчлалыг хоёр орны найрсаг харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулсан ач холбогдолтой боллоо гэж дүгнэлээ. Үүнийгээ ч баталж, Евро Азийн эдийн засгийн орнуудтай чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг энэ онд багтаан байгуулахаар болж байна. Ингэснээр манай улсын 370 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх юм. Мөн Монгол Улс олон улсын аливаа хүндрэл бэрхшээл, үл ойлголцлыг харилцан ойлголцол, харилцан хүндлэл, итгэлцэл, яриа хэлэлцээрийн замаар даван туулж олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээд шийдвэрлэх нь ёстой гэсэн өөрийн талын байр сууриа ч илэрхийлж, амжсан юм.
Хоёр тал дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
· Гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн зураг төслийг боловсруулах тухай хэлэлцээр,
· Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх тухай хэлэлцээр,
· Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хэлэлцээр,
· Тарваган тахал өвчний тархалтыг судлах хэлэлцээр,
· Байгаль нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаалахад хамтран ажиллах санамж бичиг,











