



















Японы Төв Банк (ЯТБ)-ны Ерөнхийлөгч Казүо Уэда лхагва гарагт үг хэлэхдээ, сүүлийн үед бондын өгөөж нэмэгдэж буйг энгийн үзэгдэл хэмээн тайлбарлаж, энэ нь төв банкны ирээдүйн хүүгийн өсөлтийн талаарх зах зээлийн хүлээлтийг тусгасан үр дагавар хэмээн мэдэгдлээ. Түүний энэхүү мэдэгдэл нь ЯТБ ойрын хугацаанд богино хугацааны хүүгээ үргэлжлүүлэн нэмэгдүүлэх бодолтой байгааг, мөн зах зээл өөрсдийн хүлээлтийг чөлөөтэй илэрхийлэхийг зөвшөөрч байгааг харуулж байна.
"Урт хугацааны хүү олон хүчин зүйлээс хамаардаг. Гэхдээ хамгийн чухал нь манай богино хугацааны бодлогын хүүгийн төлөвийн талаарх зах зээлийн хүлээлт юм" гэж Уэда Парламентын хуралдааны үеэр хэллээ.
"Ийм хүлээлтийг тусган, урт хугацааны хүү хэлбэлзэх нь байгалийн үзэгдэл" хэмээн тэр нэмж тэмдэглэв.
Мөн Уэда бондын өгөөжийн сүүлийн өсөлтийн талаар ЯТБ болон зах зээлийн байр суурь хооронд зөрүү байхгүйг онцолжээ.
Энэ долоо хоногт Японы Засгийн газрын бондын (JGB) өгөөж сүүлийн 10 гаруй жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэнтэй холбоотойгоор ЯТБ-аас ямар нэг анхааруулга гаргах уу гэдэгт зах зээл анхаарч байгаа юм.
Гэвч Уэдагийн мэдэгдэл нь ЯТБ өнгөрсөн жил бондын өгөөжийн хяналтын бодлогоо зогсоосны дараа бондын зах зээлээс аажмаар татгалзах, өгөөжийг хэт нам түвшинд барих бодлогоос холдох байр суурьтай байгааг дахин баталж байна.
Мөн өнгөрсөн долоо хоногт ЯТБ-ын Дэд Ерөнхийлөгч Шиничи Учидa хэлэхдээ, "Зах зээлийн оролцогчид Төв банкны бодлогын хүүгийн талаар өөрсдийн төсөөлөлд үндэслэн шийдвэр гаргаж, зах зээл эрүүл, хэвийн ажиллах ёстой" хэмээн, бондын өгөөжийг зах зээл өөрөө тодорхойлохыг илүүд үзэж буйгаа илэрхийлсэн.









