



















УИХ-ын 126 гишүүнээс 20 нь давхар дээлтэй буюу Засгийн газрын гишүүнээр ажилладаг. Эдгээр давхар дээлтэй гишүүд УИХ-ын чуулгандаа хангалттай суудаггүй. Хууль тогтоох үндсэн ажлаа тогтвортой хийдэггүй гэж УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо үзэж, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон УИХ-ын гишүүн чуулганы ажиллагаанд оролцох тусгай журам батлах төслийг боловсруулсан байна.
Ингээд УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар энэхүү "Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон УИХ-ын гишүүн чуулганы ажиллагаанд оролцох журам батлах тухай" журмын төслийг ийнхүү хэлэлцлээ. Энэ үер зарим гишүүн тухайн журмыг Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзэж байна. Учир нь , Үндсэн хуулийн 25.4-д УИХ-ын бусад бүрэн эрх зохион байгуулалтын үйл ажиллагааг хуулиар тогтооно гэж заасан. Энэ нь сайд нар Засгийн газрынхаа эсрэг үг хэлж болохгүй, асуулт асууж болохгүй гэж шууд ойлгогдох юм. Мөн засгийн газраас ч ирүүлсэн санал дээр УИХ-ын тухай хуулийн 8.1.8-д хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуух, байр сууриа илэрхийлэх, санал гаргах эрхтэй гэсэн байна. Хэдийгээр Засгийн газрын гишүүн ч ард түмнээс сонгогдсон гишүүн. Тэгэхээр энэ гишүүний бүрэн эрхэд халдаж буй журам болно. Мөн хуулиар зохицуулсан зүйлийг журам болгон батлах нь зөв эсэхэд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу тайлбар хийлээ.
Тухайн журам гурван хэсэг 12 заалттай. Үүнд:
Засгийн газрын гишүүн өвчтэй чөлөөтэй, томилолттойгоос бусад тохиолдолд байнгын болон дэд, түр хорооны хуралдаанд оролцох үүрэгтэй,
Бусад хуралдааныг давхцуулахгүй төлөвлөх ёстой,
Байнгын болон дэд, түр хорооны хуралдаанд оролцох боломжгүй бол хуралдаан даргалагчид өмнөх өдөр нь мэдэгдэж чөлөө авна,
Сайд нар Засгийн газрын өргөн барьсан хууль тогтоомж бодлого хэлэлцэх үеэр асуулт асуухгүй, эсрэг санал илэрхийлэхгүй,
Засгийн газраас санаачилж оруулж ирсэн хуулийн төсөл дээр зарчмын зөрүүтэй санал гаргахаар бол тухайн асуудлыг эрхэлж байгаа сайд нь гаргана,
Удаа дараа Засгийн газрынхаа эсрэг байр суурь илэрхийлж байгаа сайд нарт хариуцлага тооцох саналыг Ерөнхий сайдад хүргүүлнэ гэх мэт зохицуулалтыг тусгажээ.
Мөн байнгын давтамжтай, Засгийн газрынхаа эсрэг тогтмол эсрэг байр суурьтай байгаа сайдыг Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хороогоор хэлэлцэж хамтын шийдвэр гаргаж, Ерөнхий сайдад хариуцлага тооцуулах санал хүргүүлнэ гэж УИХ-ын гишүүн А.Ариунзаяа тайлбар хийлээ.











