



















Засгийн газраас "Энержи ресурс" компани "Ухаа худаг" стратегийн ордын ашигт малтмалын лицензийг 2007 онд төрөөс шилжүүлэн авахдаа Үндсэн хууль болон Ашигт малтмалын тухай хуулийг тус тус зөрчин авсан гэж өнөөдөр мэдэгдлээ.
Ингэхдээ, тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүү Засгийн газрыг төлөөлж "Энержи ресурс" компанитай “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай” гэх гэрээг байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэж дүгнэсэн байна. Ингээд 2008.03.21-ний өдөр байгуулсан тухайн гэрээг хүчингүй болгох Засгийн газрын тогтоолыг гаргахаар болсон тухай Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл тайлбарлалаа.
Хуулиараа стратегийн ордны лицензийг "Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай" шийдвэрийг Засгийн газрын гишүүн биш УИХ гаргах ёстой байна. Мөн "Ухаа худаг" ордын лицензийг шилжүүлсэн гэрээг ЗГХЭГ болон АМГТГ-ын архиваас олдоогүй, алга болжээ. Засгийн газрын тухайн үеийн тэмдэглэлийг уншихад "Ухаа Худаг"-ийн ордын хэдэн хувийг төрд эзэмшүүлэх талаар эргэж Засгийн газарт мэдэгдэх үүргийг Үйлдвэр худалдааны сайдад олгожээ.
Тиймээс Засгийн газар 17 жилийн өмнөх шийдвэрээ эргэн харж "Ухаа худаг"-ийн ордыг төрд эргүүлэн авах талаар "Энержи ресурс" компанитай хэлэлцээ хийнэ гэж өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ. Ингэхдээ Засгийн газраас УИХ-д тогтоолын төсөл өргөн барьж, тухайн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.
Одоогоос найм хоногийн өмнө Тагнуулын ерөнхий газраас “М Си Эс” группийн хуулийн хэлтсийн дарга З.Төрмандах нарын 5 хүнийг бусдыг зөвшөөрөлгүй тагнаж чагнасан гэх үндэслэлээр буруутгаж, баривчилан мөрдөн шалгаж байгаа юм.











