



















Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар стратегийн болон үүсмэл орд газруудыг эзэмшдэг аж ахуйн нэгжүүдтэй хэлцэл хийх ЗГ-ын БЭТ-өөр Ж.Батзанданг томилсон билээ. Тэрээр стратегийн болон үүсмэл ордыг хууль бусаар авсан бол хэлцэл хийхгүй, шууд цуцалж, дараагийн компанид шилжүүлнэ гэдгээ өнөөдөр мэдээлэл хийж, мэдэгдлээ.
Тэрээр “Хоёрдугаар сарын 5-нд Засгийн газар уул уурхайн салбарт ялангуяа стратегийн ордуудад үүрлэсэн бузар булайтай тэмц гэж намайг Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон. Монгол Улс Үндэсний баялгийн санг байгуулсан. Би ажил гардаж авсан бол тултал нь хийдэг хүн.
Монгол Улсад Стратегийн нийт 55 орд байгаа. 2007 онд УИХ-ын 27 дугаар тогтоолоор стратегийн ордын жагсаалтыг баталсан. 16 ордыг стратегийн ордод бүртгэж, 38 ордыг УИХ-аар стратегийн ордод оруул гэдэг шийдвэр гаргасан. Гэсэн ч өнөөдөр стратегийн ордуудыг хулгайлаад, идэж уугаад дуусаж байна. 16 ордын хамгийн сор болсон ордууд дуусаж байна. "Цайрт менирал", "Бороо Гоулд", "Оюутолгой" нөөц ч дуусаж байна. Монголын ард түмнийг 34 жил зальдсан уул уурхайн луйврыг ил зарлаж хэлэхгүй бол ЗГ-ын БЭТ гэж байх хэрэггүй. ЗГ-ын БЭТ бол онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд томилогддог. Одоо онцгой нөхцөл байдал үүссэн байна.
Стратегийн 9 ордыг хувийн компаниудад 2005-2007 онд шилжүүлсэн Жаргалсайхан. 1997-2004 онд Ашигт малтмалын газраар ажиллаж байхдаа улсын төсвөөр хайгуул хийсэн стратегийн ордуудыг албан тушаалаа ашиглаад олгосон байна. Энэ хүн өөрөө Цайрт Минералд хувь эзэмшиж байгаа. Энэ орд Сүхбаатар аймгийн стратегийн орд. Халзан бүргэдээ гэж ордыг мөн Жаргалсайхан хувийн компанид олгосон. Гурван стратегийн ордын далд эзний үүргийг гүйцэтгэж байна.
Хулгайч нартай хэлэлцэл хийх үү, хулгайлагдсан ордоо буцааж авах уу гэдэг хоёрхон сонголт байна. Би ЗГ, УИХ-д тодорхой саналууд тавина. Монголын төр хулгайч нартай хэлцэл хийх гэж байгаа бол хулгайг дэмжиж байна гэсэн үг. Монгол Улс авлигач бүлэглэлтэй хэлцэл хийх гэж байгаа бол бүлэглэлийн талд урвасан гэсэн үг. Би ҮАБЗ-д энэ бүхнийг удахгүй оруулна. Аль орд нь хуулийн дагуу, аль нь хулгай луйврын замаар очсон бэ гэдгийг ҮАБЗ, Засгийн газар, Хууль зүйн сайд дүгнэлтээ гаргаад өгөх ёстой. Ингэж байж БЭТ хэлцэл хийх үү, үгүй юү гэдгээ шийднэ.
Сүүлийн 30 жил хариуцлагагүй, авлига хулгай нүүрлэсэн уул уурхайн системээр явж ирсэн. Удахгүй татвар, гааль, бүх яамнаас дүгнэлтүүд гаргуулна. Ховд аймагт байдаг Хөшөөтийн уурхай стратегийн том ордуудын нэг. Гэтэл хэдэн гэр бүл аваад 10 жижиг хэсэгт хуваагаад нөөцийг нь дараад бүртгүүлсэн байна. Энэ бол уул уурхайд нүүрлэсэн луйвар. Хөшөөтийн уурхайг УИХ руу оруулж стратегийн ордод бүртгүүлж авна. Энэ орд бүрийн ард нэг сайд, гурван УИХ-ын гишүүн байна. Энэ завхралыг одоо зогсооно.
Эрдэнэт үйлдвэрийн хажууд үүсмэл ордыг ашиглаж байгаа гурван компани байна. Нэг үүсмэл ордыг П.Цагаан дарга эзэмшдэг. Би П.Цагаан даргыг Монголдоо хурдан ирж хэлэлцээр хийхийг урьж байгаа.Хэрвээ үүнийг хулгайгаар авсан бол хэлэлцээр хийхгүй лицензийг шууд шилжүүлнэ.
Хоёр дахь компани нь Зэс эрдэнийн хувь компани байгаа. 27 хувь нь иргэдэд очсон. Үүний цаана хоёр УИХ-ын гишүүн байгаа. Дүүгээ захирлаар нь томилсон. Хууль бусаар авсан бол хэлэлцээр хийхгүй.
Гурав дахь нь "Эрдэнийн нэгж" гэж компани бий. Манай Ерөнхийлөгч асны найзын хүүхдүүд эзэмшдэг. Энэ гурван орд бол гурвуулаа албан тушаалын эрх мэдлээ ашиглаж Эрдэнэтийн овоолгыг ашигладаг хэдэн дарга нарын орд.
ЗГ-ын бүрэн эрхт төлөөлөгч бол амаргүй ажлыг хүлээж авсан. Албан тушаал, эрх мэдлээрээ далимдуулж монголын ард түмний баялгийг булааж авсан хүмүүстэй тулах ажлыг хийж байна. Би төрийн ажлыг гардаж авсан бол дуустал хийдэг хүн. Энэ гурван ордтой удахгүй хэлцэл хийнэ. Хууль бусаар авсан бол лицензийг хүчингүй болгоно гэж байр сууриа илэрхийллээ.











