



















Товч агуулга
Путин Украины дайныг зогсоох АНУ-ын хүчин чармайлтыг магтав.
ОХУ-ын удирдагч АНУ-тай цөмийн зэвсгийн гэрээ хийх санал дэвшүүлэв.
Украины холбоотнуудын хэлснээр Трамп Киевийн аюулгүй байдлыг хамгаалах хүсэлтэй байгаа.
Пүрэв гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ыг Украины дайныг зогсоохын төлөө “Маш идэвхтэй, чин сэтгэлээсээ хичээж байгаа” гэж магтлаа. Мөн тэрээр Европын зүгээс Доналд Трампыг хатуу байр суурьтай байхыг уриалж буй нөхцөлд Трамптай хийх дээд хэмжээний уулзалтаар цөмийн зэвсгийн талаар хэлэлцээр хийх боломжийг дурдсан аж.

⁹Өнөөдөр буюу Баасан гарагт болох уулзалтаас өмнө Владимир Путин АНУ-ын Аляскийн Анкоридж хотод болох уулзалтад бэлдэх үеэрээ сайд, аюулгүй байдлын удирдлагуудтайгаа зөвлөлдсөн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзах уг уулзалт нь дэлхийн II дайнаас хойш Европт өрнөсөн хамгийн том дайны төгсгөлийн зураглалыг гаргах боломжтой гэж үзэж байна.
Энэ нь Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский болон түүний холбоотнууд болох Европчууд Украины газар нутгийг хуваах, ирээдүйд дахин довтолгоонд өртөх аюултай хэлцэл хийхээс сэргийлэх чармайлт эрчимжсэн үед тохиож байна.
Путин телевизээр хийсэн мэдэгдэлдээ:
“АНУ энэ мөргөлдөөнийг зогсоох, хямралыг намжаах, бүх оролцогч талуудад ашигтай хэлэлцээрт хүрэхийн тулд миний бодлоор нэлээд идэвхтэй, чин сэтгэлээсээ хүчин чармайлт гаргаж байна” гэж хэлэв.
Тэрбээр:
“Манай хоёр улсын хэлэлцээр нь европын болон дэлхий нийтийн урт хугацааны энхийн нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм. Цаашид стратегийн довтолгооны зэвсгийн хяналтын талаар тохиролцоонд хүрч чадвал энэ нь дараагийн хэлэлцээрийн шатны нэг хэсэг болно” гэж нэмж хэлсэн байна.
Эдгээр үг нь ОХУ Доналд Трамптай хийх уулзалтаар аюулгүй байдлын талаар өргөн хүрээтэй хэлэлцэхээс гадна цөмийн зэвсгийн хяналтын асуудлыг хөндөхийг зорьж буйг илэрхийлж байна. Уг уулзалт нь 2021 оны 6-р сараас хойших анхны ОХУ–АНУ-ын дээд хэмжээний уулзалт юм.
Зүүн Европын нэгэн өндөр албан тушаалтан (уг мэдээлэл нь мэдрэг шинж чанартай учир нэрээ нууцлахыг хүссэн) хэлэхдээ, Путин Украины асуудлаас Трампын анхаарлыг сарниулахын тулд цөмийн зэвсгийн хяналтын ахиц эсвэл бизнесийн сэдэв хөндөхийг зорих магадлалтай гэлээ.
“Бид Трамп Оросуудын заль мэхэнд хууртахгүй гэж найдаж байна. Оросуудын стратегийн зорилго бол шинэ хориг авахгүй байх, өмнөх хоригуудыг цуцлуулхаас өөр том зорилго тэдэнд байхгүй. Эцэст нь Оросууд бүх Украйныг нэг л арга замаар авна гэж бодож байгаа” гэж эх сурвалж хэлэв.
Украины холбоотнуудын хэлснээр, Трамп Киевт аюулгүй байдлын баталгаа өгөх хүсэлтэй байгаа нь Украинд тодорхой хэмжээний найдвар төрүүлж буй боловч одоогоор баталгаатай биш байна.
Европын удирдагчид болон Зеленскийгийн оролцсон сүүлчийн виртуал уулзалтаар (лхагва гараг болсон) Трамп энэ талаар бэлэн байгаагаа илтгэсэн гэж тэд үзэж байгаа ч олон нийтийн өмнө энэ тухай яриагүй.
Зеленский Лондонд Их Британийн Ерөнхий сайд Киер Стармертай уулзсаны дараа:
“Өчигдөр бүх түншүүдтэйгээ хамт, өнөөдөр хоёр талын уулзалт дээр Аляскийн уулзалтаас хүлээж буй зүйлс, боломжит төлөвийн талаар ярилцлаа. АНУ Оросыг аллагаа зогсоох, жинхэнэ, бодит дипломат яриа хэлэлцээнд оруулахад амжилт гаргавал энх тайвныг жинхэнэ бат бөх болгох аюулгүй байдлын баталгааны талаар ч нэлээд дэлгэрэнгүй ярилцсан” гэжээ.
Баасан гарагийн уулзалт нь 2022 оны 2-р сард Оросын бүрэн хэмжээний довтолгооноос хойш хэдэн арван мянгаараа амиа алдсан, сая сая хүн дүрвэсэн хүнд хэцүү цаг үед тохиож байна.
Лхагва гарагийн виртуал уулзалтын дараа Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хэлэхдээ, Трамп НАТО-гийн холбоо аюулгүй байдлын баталгаанд орох ёсгүй гэж тодорхой хэлсэн нь ОХУ-ын талд чухал асуудал гэдгийг бид мэднэ. Харин АНУ болон холбоотнуудаас хүссэн хэн нь ч үүнд оролцох ёстой гэжээ.
Европын нэгэн албан тушаалтан Ройтерст хэлэхдээ, энэ нь 3-р сараас Их Британи, Францын удирдсан “сонирхогчдын эвсэл”-ийн яриа хэлэлцээнээс хойш Трамп аюулгүй байдлын талаар ингэж ил тод байр сууриа илэрхийлсэн анхны тохиолдол гэлээ.
“Энэ нь их урагшилсан алхам шиг санагдсан” гэж тэр хэлэв.
Гэхдээ ийм баталгаа нь бодит амьдрал дээр яах нь тодорхойгүй байна.
Лхагва гарагт Доналд Трамп, Владимир Путин нар Украины асуудлаар энхтайванд хүрэхгүй бол “хатуу үр дагавар” нүүрлэнэ гэж заналхийлсэн. Тэрээр ямар арга хэмжээ авч болохоо хэлээгүй ч уулзалт бүтэлгүйтвэл эдийн засгийн хориг тавина гэж анхааруулжээ.
Гэвч ОХУ Украин болон Европын шаардлагыг хүчтэй эсэргүүцэх магадлалтай бөгөөд түүний байр суурь 2024 оны 6-р сараас хойш өөрчлөгдөөгүй гэж мэдэгдэж ирсэн.
Кремлийн зөвлөхийн хэлснээр, Путин ба Трамп нар уулзалт дээр ОХУ-АНУ-ын эдийн засгийн асар их нөөц бололцоо, дайныг дуусгах боломжийн талаар хэлэлцэнэ.
Зеленский энэ долоо хоногт мэдэгдэхдээ, Донецкийн бүсийн Добропилля хотын ойролцоо Оросын цэргүүд 9–10 км урагшилсан бөгөөд хүн хүчний хомсдолд орсон Украин нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд нөөц хүчээ шилжүүлэн байрлуулсан гэжээ.
Трампын хэлснээр, хэлэлцээрт газар солилцох асуудал орж болно. ОХУ одоогоор Украины газар нутгийн тавны нэгийг хяналтдаа байлгаж байгаа бөгөөд Украины доторх газар солилцоо нь Москвагийн ололтыг баталгаажуулах үр дүнд хүрч магадгүй юм.
Зеленский болон Европын холбоотнууд энэ нь Путинд 11 жилийн турш Украйныг эзлэх оролдлогынх нь төлөө өгсөн шагнал болохоос гадна түүнийг Европ руу цааш тэлэхэд урам өгнө гэж болгоомжилж байна.











