



















Мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Израиль, Иран хоёрын хооронд гал зогсоох гэрээ хүчин төгөлдөр болсныг зарлаж, “Аль ч тал дахин гэрээг зөрчих ёсгүй” гэж мэдэгдсэн. Түүний мэдэгдэл хоёр улсын хооронд 12 хоног үргэлжилсэн "Цус урсгасан бөмбөгдөлт" өндөрлөж магадгүй гэсэн хүлээлт үүсгэсэн юм.

Доналд Трампын энэхүү мэдэгдлийн дараа хэлэлцээр шат дараатай хэрэгжинэ, харин одоогоор аль аль тал бөмбөгдөлтөө зогсоохыг зөвшөөрсөн байж болзошгүй гэсэн таамаг гарсан. "Ройтерс" агентлаг Израилийн түргэн тусламжийн албаны мэдээллээс эш татан мэдээлснээр, Мягмар гарагт болсон Ираны пуужингийн довтолгооны улмаас Израильд дөрвөн хүн амиа алджээ. Харин Израилийн Иранд хийсэн агаарын цохилтын улмаас есөн хүн амь үрэгдсэн гэсэн байна.
Израиль болон АНУ Ираны цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрийг устгах зорилгоор хамтын ажиллагаа явуулж буйгаа мэдэгдсэн бөгөөд Израиль гал зогсоох тохиролцоонд хүрсэн гэж мэдээлсэн.
Гэсэн ч энэхүү гал зогсоох гэрээ хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна. Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи цаашид хариу довтолгоо хийх зорилгогүй гэдгээ мэдэгдсэн ч хэрэв Израиль дахин довтолбол хариу өгөхөд бэлэн хэмээв. Түүний энэ байр суурийг Нетаньяаху ч мөн давтсан.
Газрын тосны үнэ гал зогсоох гэрээний дараа огцом унасан боловч Израиль, Ираны эргэлзээтэй мэдээллийн дараа бага зэрэг өссөн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ Ираны цөмийн байгууламжууд руу агаарын цохилт өгсний дараа Иран Катар дахь АНУ-ын цэргийн бааз руу хариу цохилт өгсөн. Уг довтолгооны улмаас хохирол учраагүй бөгөөд шинжээчид үүнийг хурцадмал байдлыг намдаах анхны шинж тэмдэг гэж харж байна.











