



















Монгол Улс авлигын индексээр 7 байр урагшилж, 114 дүгээрт бичигдлээ.
Германы Берлин хотод төвтэй "Транспэрэнси интернэшнл" олон улсын байгууллагаас жил бүр улс орнуудын төрийн албан дахь авилгын талаар шинжээч бизнес эрхлэгчдийн судалгаа дээр үндэслэн авилгын төсөөллийн индексийг боловсруулдаг. Тэгвэл 2024 оны дүнг өнөөдөр /2025.02.11/ дэлхий нийтэд мэдээллээ. Тухайн индексээр манай улс 33 оноогоор 114 дүгээр байранд орлоо. Энэ жил 114-р байранд манай улсаас гадна зургаан улс жагсчээ.
Ази-Номхон далайн онцлох бүс нутгуудын төрийн салбарын авилгын төсөөллийг 0-100 хүртэлх оноогоор дүгнэдэг бөгөөд 0 бол өндөр үзүүлэлт, 100 бол маш цэвэр хэмээн тооцдог. Тэгвэл Монгол Улсын хувьд өнгөрөгч онд 33 оноогоор дүгнэгдэж байсан бол энэ онд мөн ялгаагүй 33 оноо авчээ.
Өнгөрсөн онд манай улс 121 дүгээр байранд орж, Перу, Египет гэсэн хоёр улсын дор эрэмбэлэгдэж байсан. Тэгвэл энэ онд Непал, Нигер, Тайланд зэрэг улсуудын дараагаар эрэмбэлэгдлээ.
“Транспэрэнси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас 2024 оны Авлигын төсөөллийн индексийг гурван төрлийн арга зүйгээр боловсруулдаг.
Санамсаргүй тооцоолол буюу- Дотоодын болон гадны тус бүр 2 судлаач АИ хараат бусаар тооцоолдог.
Бүс нутгийн хяналт буюу- Бүс нутгийн зөвлөхүүд сэжигтэй эсвэл санаатай гажуудуулсан оноог (хэрэв байгаа бол) тэмдэглэдэг.
Орон даяарх баталгаажуулалт буюу- Үндэсний салбарууд танилцаж, саналаа өгдөг.
Өнгөрсөн жилүүдэд,
2016- Нийгмийн тэгш бус байдал, популизм
2017- Иргэний нийгмийн орон зай
2018- Ардчилалын хямрал
2019- Улс төрийн шударга байдлыг бий болгох
2020- КОВИД-2019
2021- Авлига, хүний эрх болон ардчилал
2022- Зөрчилдөөн, энх тайван, аюулгүй байда
2023- Авлига ба шударга бус байдлыг тодотгож Авлигын төсөөллийн индексийг гаргаж байсан. Харин энэ жилийн хувьд "Авлига ба уур амьсгалын хямрал"-ыг тодотгожээ.
Авлига ба шударга бус байдлыг тодотгож Авлигын төсөөллийн индексийг гаргаж байсан. Харин энэ жилийн хувьд "Авлига ба уур амьсгалын хямрал"-ыг тодотгожээ.
ДЭЛХИЙ ДАХИНЫ 2024 ОНЫ АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКСИЙН ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ
Авлигын төсөөллийн индекс /АТИ/- нь 180 улс орон, бүс нутгийн нийтийн салбар (төрийн) дахь авлигын төсөөллийг тэг (их авлигатай)-ээс зуу (маш цэвэр) хүртэлх оноогоор үнэлж эрэмбэлдэг болно.
Ойролцоогоор 6.8 тэрбум хүн АТИ-н 50-аас доош оноотой орнуудад амьдарч байна. Энэ нь дэлхийн 8 тэрбум хүн амын 85%-тай тэнцэнэ.
Дани Улс (90) 7 дахь жилдээ индексийг тэргүүлж, Финлянд болон Шинэ Зеланд Улсууд тус тус 88,84 оноотой байна.
Өмнөд Судан (8), Сомали (9), Венесуэл (10), Сири (12), Ливи (13), Эритрей (13), Йемен (13) болон Экваторын Гвиней (13) зэрэг хамгийн бага оноотой орнууд нь ихэвчлэн эмзэг, зэвсэгт мөргөлдөөнд өртсөн орнууд юм байна.
Австри (67), Бангладеш (23), Бразил (34), Куба (41), Франц (67), Герман (75), Гаити (16), Унгар (41), Иран (23), Мексик (26), ОХУ (22), Өмнөд Судан (8), Швейцарь (81), АНУ (65) болон Венесуэл (10) зэрэг түүвэрт хамрагдсан орнуудын дөрөвний нэгээс илүү нь (47) индексэд өөрсдийн түүхэн бага оноо авсан байна.
Сүүлийн 5 жилийн хугацаанд дараах 7 улс АТИ-н оноо мэдэгдэхүйц сайжирсан байна.
Үүнд Кот-д'Ивуар (45). БН Доминикан Улс (36), Косово (44), Кувейт (46). Мальдив (38), Молдав (43), Замби (39) улсууд орж байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд 13 улс АТИ-н оноо мэдэгдэхүйц буурсан байна.
Томоохон бууралттай улсууд: Австри (67), Беларусь (33), Бельги (69), Эл Сальвадор (30), Франц (67), Киргизстан (25), Ливан (22), Мьянмар (16), Никарагуа (14), ОХУ (22), Шри Ланка (32), Их Британи (71), Венесуэл (10) орж байна.
УУР АМЬСГАЛЫН ХЯМРАЛЫГ АВЛИГА УЛАМ ДОРДУУЛЖ БАЙНА
Авлига дэлхий даяар хүний амь насыг аврах уур амьсгалын сангуудад заналхийлж байгаа тул олон тэрбум хүмүүсийг хамгаалахын тулд илүү сайн хамгаалалт шаардлагатай байна гэлээ.
Авлигын Төсөөллийн Индекс /АТИ/ 2024 нь дэлхий дахинд авлигын тувшин түгшүүртэй өндөр хэвээр байгааг мөн түүнийг бууруулах хүчин чармайлт суларч байгааг харуулж байна.
Нийт улс орнуудын гуравны хоёр нь 50-с доош оноо авч тус тайлан дэлхий даяар авлигын түвшин ноцтой буйг илчилж буй юм.
Тус индексийн дундаж оноо өөрчлөлтгүй 43 хэвээр байгаа нь авлигын эсрэг яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг харуулж мөн авлига нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэхэд дэлхий дахинд тулгарч буй томоохон саад тотгор болж байгааг харуулж байна.
Дэлхийн түүхэн дулааны рекордыг эвдэж буй дэлхийн дулаарал, цаг уурын аюултай үзэгдлүүд, ардчиллын элэгдэл, дэлхийн уур амьсгалын манлайлал буурч байгаа энэ үед дэлхий нийт уур амьсгалын хямралын эсрэг тэмцэл хүнд байдалд орж байна. Авлига нь энэ тэмцлийг улам хүндрүүлж байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг авлига болон уур амьсгалын хямрал хоорондын уялдаа холбоог шийдвэрлэх шаардлагатай байна.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад олон улсын уур амьсгалын үйл ажиллагаанд хамгийн их оролцдог улс орнууд, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий улс орнууд болон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн бага хурал (СОР) зэрэг олон улсын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулдаг улсууд нь АТИ-н оноо бага ба/эсвэл буурч байгааг харуулж байна.
Авлига нь бодлого хэрэгжүүлэхэд саад болж, уур амьсгалын үр дүнтэй арга хэмжээ авахад хүндрэл учруулж байна. Тус байгууллага сүүлийн тайландаа СОР арга хэмжээнд газрын тос, байгалийн хийн лоббичид ихээхэн нөлөө үзүүлж, энэ нь дэлхийн улс орнуудад нөлөөлж байгааг онцолсон.
Авлига нь хөгжилд сөргөөр нөлөөлөхөөс гадна хувьсан өөрчлөгдөж буй дэлхий дахинд аюул бөгөөд энэ нь ардчилал буурах, тогтворгүй байдал, хүний эрхийн зөрчлүүдийн гол шалтгаан болж байна.
"Уур амьгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагааг бүрэн сүйтгэхээс нь өмнө бид авлигыг яаралтай зогсоох хэрэгтэй байна. Улс орнууд болон олон талт байгууллагууд уур амьсгалын санхүүжилтийг хамгаалах, итгэлцэл үүсгэх, ур нөлөөг нэмэгдүүлэхийн тулд авлигатай тэмцэх арга хэмжээг оруулж өгөх хэрэгтэй.
Өнөө үед авлигачид хууль тогтоомжийг ямар байхыг заагаад зогсохгүй сэтгүүлчид, тэмцэгчид болон эрх тэгш байдал, тогтвортой хөгжлийн телев тэмцэж байгаа хүн бүрийг чимээгүй болгож хяналт тэнцвэрийн тогтолцоог нурааж байна" гэж Транспэрэнси Интернэшнлийн Гүйцэтгэх захирал Маира Мартини тэмдэглэв.
"Энэ жилийн дүн шинжилгээ чулуужсан түлшний авлига уур амьсгалын дулааралтай тэмцэх хүчин чармайлтад АНУ зэрэг орнуудад хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг дахин харууллаа. Дэлхий дахинд иргэд төр засгаасаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авахыг шаардаж байна.
Гэвч иргэдийн дуу хоолой байгаль орчны сүйрлээс ашиг олдог, шүүмжлэгчид, хүний эрхийн тэмцэгчдийг дуугүй болгодог, эрх мэдэл худалдан авдаг, бидний гэр бүл болон байгаль дэлхийг хамгаалах хамгаалалтыг нураахад олон тэрбумаар нь зарцуулдаг газрын тос, байгалийн хийн компаниудын авлигажсан эрх мэдэлтэй ахин дахин тулгарч байна.











