"Оюу Толгой" ХХК-н тендер “нууц дүрэм”-тэй байж магадгүй мэдээлэл бидэнд ирсэн. Эх сурвалжийн хэлж буйгаар тендер зарлана. Үнэ буулгана. Олон сар хэлэлцэнэ. Эцэст нь гэрээ байгуулахдаа тоо хэмжээг нь өөрчилнө. Эцэстээ хэн хожих нь тодорхой байдаг гэх ерөнхий санаа.
Уг нь "Оюу Толгой" ХХК бол Монголын эдийн засгийн хамгийн том төслүүдийн нэг. Тиймээс тус компанийн худалдан авалтын системд нэг ч төгрөгийн эргэлзээтэй шийдвэр гарах ёсгүй. Гэвч ирсэн мэдээлэл, баримт, тендерт оролцсон аж ахуйн нэгжүүдийн жишээнээс харахад худалдан авалтын үйл явцад шударга өрсөлдөөнийг хязгаарладаг байж болзошгүй тогтолцооны шинжтэй асуудлууд байж магадгүй нь анхаарах татна.

"Оюу Толгой" ХХК-н худалдан авалтын системд 150 мянга гаруй нэр төрлийн бараа материал бүртгэлтэй байдаг гэх мэдээлэл бий. Энэ асар том мэдээллийн сангийн ANSI бүртгэлд үйлдвэрлэгчийн мэдээллийг хэрхэн оруулдаг, хэн өөрчилдөг, өөрчлөлтийг хэн баталгаажуулдаг гэдэг нь худалдан авалт шударга явагддаг гэдгийг баталгаажуулах хамгийн чухал үзүүлэлт.
Бидэнд байгаа мэдээллээр • 21108616 – 16 мм-ийн мөртэй, 300 мм урттай, цайрдсан барилгын болт. Үйлдвэрлэгчээр “З….” ХХК бүртгэлтэй. • 20868575 – 24 вольтын хүчин чадалтай, мотор хөргүүрийн зориулалттай сэнс. Үйлдвэрлэгчээр “Г….” ХХК бүртгэлтэй. • 20776191 – 25 мм-ийн диаметртэй сангийн холбогч. Үйлдвэрлэгчээр “Е….” ХХК бүртгэлтэй. • 21201634 – 9.4 мм-ийн дугуй багтаамжтай, 202 м/сек эргэлтийн хурдтай, 150 барын даралт тэсвэрлэх хүчин чадалтай миксер буюу холигч төхөөрөмж. Үйлдвэрлэгчээр “М….” ХХК бүртгэгдсэн байна.
Гэвч дээрх компаниуд үнэхээр тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг үү? Хэрэв үйлдвэрлэгч биш хэрнээ "Оюу Толгой" ХХК-д өөрийн компанийн нэрээр “үйлдвэрлэгч” гэж бүртгүүлдэг бол энэ нь дан ганц бүртгэлийн алдаа биш. Учир нь үйлдвэрлэгчийн мэдээлэл тухайн барааг нийлүүлэх өрсөлдөөн, сонголт, үнэ зэрэгт шууд нөлөөлөх боломжтой. Өөрөөр хэлбэл,барааны үйлдвэрлэгчийг хэн гэж бүртгүүлсэн нь барааг хэн нийлүүлэх эрхтэй болохыг хүртэл тодорхойлох хэмжээнд хүрдэг учраас бизнесийн асар том давуу талыг бий болгоно гэсэн үг.
Тиймээс ANSI-д “үйлдвэрлэгч” гэж бүртгэгдсэн компаниудын үйлдвэр хаана байна, ямар хэмжээний хүчин чадалтай вэ, бүтээгдэхүүний техникийн гэрчилгээ, үйлдвэрийн гарал үүслийн баримт хаана байна вэ гэдэг асуулт зайлшгүй гарч ирнэ. Хэрэв дээрх компаниуд үйлдвэрлэгч биш БНХАУ-аас бараагаа авч "Оюу Толгой" ХХК-д нийлүүлдэг зуучлагч бол яагаад үйлдвэрлэгчээр бүртгэгдсэн бэ гэсэн асуулт ч мөн гарна. Учир нь барааны бүртгэл дээр тухайлан нэг компанийн нэр үйлдвэрлэгчээр бүртгэгдвэл тухайн барааг бусад компани нийлүүлэхэд давуу болон сул нөхцөл үүсэх нь ойлгомжтой. Барааны эрхийг хэн эзэмшиж байгаа нь тендерт хэн давуу байхыг бараг тодорхой болгоно.
Тендерийн өөр нэг анхаарал татсан асуудал бол "Оюу Толгой" ХХК-д өмнө нь бараа, ажил үйлчилгээ нийлүүлж байсан туршлагыг хатуу шаарддаг шалгуур. Туршлага шаардах нь буруу гэсэнгүй. Гэхдээ үүний цаана шинэ компаниудыг "Оюу Толгой" ХХК-н ханган нийлүүлэлтэд оруулахгүй гэсэн “хаалт” тавьж байна гэх хардлага.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Мөн нэг удаа нийлүүлэгч болсон компани дараагийн тендерүүддээ дахин дахин давуу байдалтай болж үргэлж тендер авах нөхцөл бүрдэх эрсдэлтэй.
Дараагийн нэг тендертэй холбоотой эргэлзээ байгаа нь анхны үнийн саналыг авсны дараа олон удаа “шинэчилсэн санал” авч, хэдэн сарын турш хэлэлцээр хийдэг гэх асуудал. Зарим тендерийн хэлэлцээр 8-10 сар буюу жил орчим үргэлжилж оролцогчдоос 4-6 удаа үнэ буулгуулдаг гэх мэдээлэл бий. Гол нь хэдэн удаа үнэ авсан нь биш бүх оролцогчидод ижил мэдээлэл, ижил боломж олгосон уу гэдэгт эргэлзээ байгаа юм.
Хэрэв хэн нэг оролцогч бусдын үнийг урьдчилан мэдээд авчихдаг, түүндээ тохируулан саналаа өөрчилдөг бол шударга өрсөлдөөн гэж ойлгох аргагүй болно.
Өөр нэгэн ноцтой асуудал байж магадгүй нь тендерт зарласан барааны тоо хэмжээ болон эцсийн гэрээнд тусгасан хэмжээ зөрдөг гэх гомдол. Жишээ нь 100.000 ширхэг бараа нийлүүлэх тендерт оролцогч нь нийлүүлэх хэмжээндээ үндэслэн үйлдвэр, тээвэр, санхүүжилт, зардал, ашгаа тооцон хамгийн бага үнээ санал болгох нь ойлгомжтой. Гэтэл гэрээ байгуулах үед нийлүүлэх барааны тоо хэмжээ гэнэт багасвал хамгийн хямд үнэж санал болгосон компани алдагдал хүлээх эрсдэлтэй.
Энэ мэт олон асуудлыг бодитоор харвал "Оюу Толгой" ХХК тендерийг зөвхөн “хэн шалгарсан бэ?” гэдгээр нь дүгнэхэд хангалтгүй аж. Тендерт хэдэн төгрөгийн бараа, ямар тоо хэмжээгээр зарласан, хэн ямар үнэ санал болгосон, гэрээг хэнтэй, хэдий хэмжээгээр байгуулсан, эцэст нь бодитоор хэнээс хэдий хэмжээний бараа хэдэн төгрөгөөр авсан гэдгийг харьцуулж үзэх хэрэгтэй.
Манай редакцид хандсан зарим компанийн удирдлагууд олон сар ажиллаж, үнийн саналаа 4-5 удаа шинэчилж, үнээ буулгасан ч гэрээ авч чадаагүйгээ ярьж байна. Зарим нь тендерт зарлагдсан тоо хэмжээ гэрээ байгуулах үед эрс багассан гэдгийг ч гэрчилж байгаа юм. Тиймээс шалгах шаардлагатай, эргэлзээтэй дээрх мэдээллүүд нь "Оюу Толгой" ХХК-н ил тод байдлыг бууруулж, хэн нэгнийг гэм буруутай байж магадгүйг илчилж байж мэднэ.
Эцэст нь "Оюу Толгой" ХХК-н тендер үнэхээр хамгийн сайн үнэ, хамгийн сайн чанар, шударга өрсөлдөөнөөр шийдэгддэг үү гэх асуулт. Эсвэл барааны бүртгэлээс эхлээд тендерийн шалгуур, үнийн хэлэлцээр, гэрээний тоо хэмжээ гээд шалгаруулалт, шаардлага бүр нь тодорхой компаниудад давуу байдал олгох гэсэн тогтолцоо юу гэх хардлага. Учир нь "Оюу Толгой" ХХК-н баялаг Монголчуудынх. Тиймээс тэр баялгийг арилжин олж буй мөнгө хэнд, ямар үнээр, ямар нөхцөлөөр очиж байгааг Монголчууд мэдэх эрхтэй.
Эргэлзээг бататгах өөр нэг учиг бол өнгөрсөн оны сүүлээр "Оюу Толгой" ХХК-н худалдан авалттай холбоотой авлигын хэргээр Хангамжийн хэлтсийн гурван дарга, Баяжуулахын хэлтсийн захирал нарын гэрт нэгжлэг хийж, Д.Амартүвшин, Ч.Нэргүй, М.Ганболд нарыг баривчилсан явдал. Энэ хэргийн эцсийн шийдвэр, тухайн хүмүүсийн гэм бурууг шүүх тогтооно. Гэхдээ буруутай гэж үзэн яллавал эдгээр хүмүүс нөлөөгүй боллоо гээд "Оюу Толгой" ХХК-н тендер булхайгүй, ил тод, шударга өрсөлдөөнөөр шалгаруулдаг тогтолцоо бий гэдэгт 100 хувь итгэж болох уу?









