



















Нийслэлийн Ардчилсан намаас орон нутгийн сонгуулийн үр дүнгийн тухай мэдээлэл хийлээ. Тэд "Ардчилсан нам орон нутгийн сонгуульд ялагдсан ч, МАН-д ялагдаагүй" гэж мэдэгдлээ.
"Монгол Улс даяар 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр орон нутгийн сонгууль болж өндөрлөлөө. Улаанбаатар хотын хэмжээнд нийслэлийн Ардчилсан нам ач холбогдол өгч, өндөр зохион байгуулалттай оролцлоо. Харамсалтай нь, бид ялагдал хүлээсэн" гэж Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт мэдээллээ. Ардчилсан намын тухайд 45 мандатаас тавыг нь ард түмний сонголтоор авсан юм. Гэхдээ ингэж сөрөг хүчин болж, бүлэг байгуулж чадахгүй хэмжээнд Ардчилсан нам сонгуульд оролцсон нь, нэгдүгээрт нийслэл хот 1.7 сая хүн амтай, үүнээс насанд хүрсэн сонгогчийн тоо 1 сая 92 мянга орчим бий. Гэтэл нийт сонгогчийн ирц нийслэлд 42 хувьтай байсан. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Өнгөрсөн хугацаанд төрийн эрх баригчид Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг батлахдаа санал авах өдрийг Баасан гариг болгож баталсан. Хоёрдугаарт, орон нутгийн сонгуулийг ямар нэгэн ирцийн босгогүйгээр хуульчилсан байгаа. Үүнээс болж орон нутгийн сонгуульд оролцох иргэдийн оролцоо багассан гэжээ.
МАН нийт сонгогчийн 19 хувийн саналыг авсан буюу Улаанбаатар хотыг 100 хувь засаглахаар болсон. Энэ нь МАН-ын нийслэлийн сонгогчдод зориулан баталсан буруу хуулийн гажуудал. Орон нутгийн сонгуульд бид хэдий ялагдсан ч гэсэн өөрсдийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрүүдээ заавал төрийн оролцоогүй хийж хэрэгжүүлнэ.
Энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам тооны хувьд ялагдсан мэт боловч нийт сонгогчдын 19 хувийн саналыг авсан МАН-д бид бодлогын, чанарын хувьд ялагдаагүй гэж Нийслэлийн Ардчилсан намын ерөнхий менежер Б.Ган-Очир хэллээ. Тэрбээр, "нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт хариуцлагаа хүлээж огцорно гэдгээ мэдэгдсэн. Олон хүн өөрсдөөсөө буруугаа хай гэж байна. Бид дутагдалтай талуудаа хүлээн зөвшөөрсөн. Орон нутгийн сонгуульд нийслэлийн Ардчилсан намын ерөнхий менежерээр ажилласан хүнийхээ хувьд Л.Гантөмөр даргад сэтгэл дундуур байгаагаа хэлье. Сонгуулийн 14 хоногийн турш МАН муу гэж хэлдэггүй юм аа гэхэд, манай нам сайн гэж ганц дугарахгүй яав дээ гэх асуултыг тавимаар байна. Эдгээр 44 нэр дэвшигч үнэхээр байдаг чадлаараа ажилласан" гэж тайлбарлалаа.











