



















Товч агуулга:
Дээд шүүх 2015 оны нэгдэлтэй холбоотой бүх хэргийг хэрэгсэхгүй болголоо
Хууль эрхзүйн тодорхойгүй байдал арилж, бизнесийн хүрээнийхэн үүнийг эдийн засгийн тогтвортой байдалд эерэг нөлөөтэй гэж үзэж байна
AI чипний өрсөлдөөн дунд Ли-ийн манлайлал анхаарлын төвд үлдлээ
БНСУ-ын Дээд шүүх Samsung Electronics компанийн тэргүүн Ли Жэ Ёныг 2015 оны 8 тэрбум ам.долларын нэгдэлтэй холбоотой нягтлан бодох бүртгэлийн залилан болон хувьцааны манипуляцын хэргүүдээс цагаатгалаа. Энэ нь тус улсын хамгийн том компанийн тэргүүнд олон жил дараалан тулгасан хууль эрх зүйн эрсдэлийг бүрэн арилгав.

Дээд шүүх өнгөрсөн онд Апелляцын шатны шүүхийн гаргасан шийдвэрийг хэвээр үлдээж, Samsung C&T болон Cheil Industries гэсэн хоёр охин компанийн хооронд хийсэн хэлэлцээр нь хууль ёсны байсан гэж үзжээ. Прокурорууд уг нэгдлийг Ли Жэ Ёны хяналтыг бэхжүүлэх зорилготой байсан хэмээн буруутгаад байсан юм.
"Дээд шүүхийн шийдвэр Самсунгийн хувьд хууль эрхзүйн тодорхойгүй байдлыг арилгаж, урт хугацааны эерэг нөлөө үзүүлэх боломжтой," хэмээн NH Investment & Securities компанийн ахлах шинжээч Рю Ён Хо хэллээ.
"Ли дарга цаашид компанийн үйл ажиллагаанд хэр гүнзгий, идэвхтэй оролцох нь тодорхойгүй ч, хэрэв тэр манлайлан оролцвол удирдлагын баг урт хугацааны стратегид анхаарлаа төвлөрүүлэх боломж бүрдэнэ," гэж тэр нэмэв.
Samsung Electronics компанийн хувьцаа өнөөдрийн арилжаанд 3.1%-иар өссөн бол KOSPI индекс бараг хөдөлгөөнгүй байлаа. Хөрөнгө оруулагчдын дунд Самсунг руу чиглэсэн эерэг хандлага бий болсны нэг шалтгаан нь Goldman Sachs өрсөлдөгч SK Hynix-ийн үнэлгээг бууруулж, тус компанийн хувьцаа 9.5%-иар унасан явдалтай холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна.
Хэдийгээр энэ шийдвэрийг олон нийт хүлээж байсан ч Ли Жэ Ёны хувьд хариуцлагатай цаг үе ирлээ. Тэрээр сүүлийн үед Samsung Electronics-ийг (дэлхийн №1 санах ойн чип, №2 ухаалаг утас үйлдвэрлэгч) манлайлах чадамжтай юу гэсэн асуудалд олон нийтийн эргэлзээтэй тулгарсаар ирсэн.
Самсунгийн өмгөөлөгчид шүүхийн шийдвэрт "үнэн сэтгэлээсээ талархаж" байгаагаа илэрхийлж, энэхүү нэгдэл нь хууль ёсны байсан гэдгийг шүүх баталлаа гэж мэдэгдэв.
Өнгөрсөн арван жилийн турш Ли Жэ Ён нь аав Ли Гон Хиг 2014 онд зүрхний шигдээсээр комд орсны дараа, халааг авах явцад олон хууль эрхзүйн сорилттой тулгарсан билээ.









