



















Товч агуулга
Шүүгч Мораес Жаир Болсонаруг гэрийн хорионд хийв.
Энэ шийдвэр нь Болсонаругийн холбоотон Доналд Трамптай үүссэн зөрчилтэй зэрэгцэн гарлаа.
Жаир Болсонару төрийн эргэлт хийх гэж оролдсон гэх хэргээр шүүгдэж байна.
Бразилийн Дээд шүүхийн хоёр эх сурвалж Ройтерст мэдээлснээр, Шүүгч Александр ди Мораес экс Ерөнхийлөгч Жаир Болсонаруг гэрт нь хорих шийдвэр гаргасан нь тус шүүхийг гэнэтийн асуудалд хутгажээ.

Энэхүү шийдвэр нь Бразил улс дахь улс төрийн хоёр хуваагдал болон АНУ-ын Цагаан ордонтой хурцадмал харилцаа нэмэгдэж буй үед, Мораесийн бие даасан шийдвэр гаргах чадварыг харуулж байна.
Үүний зэрэгцээ, АНУ Бразилийн бараанд 50 хувийн гаалийн тариф ногдуулах гэж буй хугацаа дөхөж байгаа.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Бразилийн бараа бүтээгдэхүүнд 50 хувийн татвар ногдуулах шийдвэрийг гаргасан нь Мораес Болсонаругийн эсрэг “шидэт ан” (witch hunt) өрнүүлж байна хэмээн үзсэнтэй холбоотой. Жаир Болсонару 2022 оны сонгуульд ялагдсаныхаа дараа төрийн эргэлт хийхээр оролдсон гэх хэргээр шүүгдэж байгаа боловч өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдэж, Мораесыг “дарангуйлагч” гэж нэрлээд буй.
Мораесийн гаргасан шийдвэр Бразилийн дотоодод болгоомжлол төрүүлж, Доналд Трампийн эдийн засгийн дарамтыг улам нэмэгдүүлж магадгүй гэсэн айдсыг бий болгожээ. Ерөнхийлөгч Лула да Силвагийн ойрын хүрээний хоёр эх сурвалж Ройтерст мэдээлэхдээ, Лулагийн Засаг захиргаа энэ асуудалд хариу арга хэмжээ авах бодолгүй байгааг хэлсэн байна.
“Энэ бидний байр суурийг огтхон ч өөрчлөхгүй,” хэмээн нэрээ нууцалсан шүүгч хэлэв.
Лулагийн засаг захиргаа Мораесийг эсэргүүцэхээс илүүтэйгээр татварын нөлөөнд өртөх салбаруудыг дэмжих бодлого боловсруулж, Вашингтонтой дипломат харилцаагаа хадгалахыг зорьж байна гэж улс төрийн эх сурвалжууд хэллээ.
Гэсэн хэдий ч энэ шийдвэр Бразилийн хэлэлцээрийн багт саад болох магадлалтай хэмээн хуульч, ерөнхий прокурор асан Фабио Мединa Осорио онцолжээ:
“Энэ шийдвэр нөхцөл байдлыг үнэхээр хүндрүүлж мэднэ,” гэж тэр хэлсэн байна.
Дээд шүүх Болсонару болон түүний холбоотнууд ардчиллыг устгах гэсэн хуйвалдаанд оролцсон эсэх асуудлаар хэдхэн долоо хоногийн дараа шийдвэрээ гаргах төлөвтэй байгаа. Олон нийт Жаир Болсонаруг буруутай гэж үзнэ хэмээн хүлээж байна.
Мораесийн гэрийн хорионы шийдвэр нь Болсонару өмнө нь тогтоосон хорио цээрийн заалтуудыг зөрчиж, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын дэмжлэгийг эрэлхийлсэнтэй холбоотой гэж шүүх үзжээ.
Бразилийн дотоодод зарим нь Мораесийг шүүхийн бие даасан байдлыг хамгаалсан хэмээн магтаж байгаа бол зарим нь эрх мэдлээ хэтрүүлсэн гэж шүүмжилж байна.
Quaest судалгааны байгууллагын нийгмийн сүлжээн дэх нийтлэлүүдэд хийсэн дүн шинжилгээгээр:
Болсонаруг баривчилсныг 53% нь дэмжсэн,
47% нь эсэргүүцсэн байна.
Жаир Болсонару, Доналд Трамп нарын холбооны эсрэг хатуу нийтлэл бичдэг Folha de São Paulo сонин хүртэл Мораесийн шийдвэрийг шүүмжилжээ:
“Баруун жигүүрийн зохион байгуулсан жагсаал дээр дэмжигчидтэйгээ харилцсанмгэж экс Ерөнхийлөгчийг хорих нь буруу. Жаир Болсонару өөрийгөө шүүх дээр хамгаалах, олон нийтийн өмнө үгээ хэлэх бүрэн эрхтэй байхаас гадна, энэ эрх нь нийгмийн сүлжээнд ч хамаатай,” хэмээн тус сонины нийтлэлд өгүүлжээ.
Өмнөх Дээд шүүхийн шүүгчид ч энэ асуудлаар өөр өөр байр суурьтай байна.
Шүүгч асан Карлос Айрес Бритто (2012 онд шүүхээс гарсан):
“Мораесийн энэ шийдвэр нь зөвхөн улсын бүрэн эрх, бие даасан байдлыг бус, шүүхийн тусгаар тогтнолыг хамгаалсан хэрэг,” хэмээн хэлжээ.
Харин экс шүүгч Марко Аурелио Мелло:
“Үндсэн хуулийн гэм буруугүйд тооцох зарчмыг үндэслэн өөр байр суурь баримтлах байсан” гэж мэдэгджээ.











