



















Монгол Улсын Сайд, 20 минутын хот төслийн Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэнгээс түгжрэлтэй хэрхэн тэмцэж буй тухай тодруулахад, "Буруу талдаа жолооны хүрдтэй хуучин машинаасаа салах, зөв талдаа жолооны хүрдтэй шинэ машинууд руу шилжих шахалт хийж эхэлнэ" гэж мэдэгдлээ.
Тэрбээр "Хот түгжрэх нэг шалтгаан нь шаардлага хангаагүй зам гэв. Тиймээс нийслэлийнхнийг зориг гаргаад эрчимтэй зам засварын ажил эхлүүлснийг дэмжиж байна. Түгжрэлийг бууруулахын тулд аливаа ажил, төслийг маш сайн судалгаатай эхлүүлэх шаардлагатай. Хоёрдугаарт, мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсож эхэлсэн. Гуравдугаарт, бүх зүйлээ тохироод, ялангуяа шийдвэр гаргах шатанд, нэгдсэн ойлголтод хүрснийхээ дараа аливаа асуудлыг зарлаж байя гэж бодсон. Тиймээс одоо чимээгүй юм шиг харагдсан байх" гэж мэдэгдэв.
Үндэсний хорооноос түгжрэлийг бууруулахын тулд 2-3 төслийг яаралтай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ, ойрын хугацаанд 10 орчим дөрвөн замын уулзварыг хоёр түвшний болгох яриа хэлэлцээрийг БНХАУ-ын талтай хийжээ. Мөн автобуснаас гадна өөр нийтийн тээврүүдийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнээс гадна 20 минутын хот төслийн Үндэсний хорооноос 2028 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10 мянган ам.долларт хүргэнэ гэж зорилт тавьжээ. Ингээд буруу талдаа жолооны хүрдтэй хуучин машинаасаа салах, зөв талдаа жолооны хүрдтэй шинэ машинууд руу шилжих шахалт хийнэ гэж тооцжээ. Ингэхдээ буруу талдаа жолооны хүрдтэй машинуудын импортын татварыг нэмэгдүүлэх эсвэл хуучин машинуудыг импортоор оруулж ирэхийг зоригтойгоор хориглоно гэж төлөвлөжээ.











