



















Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын гишүүд өнөөдөр Улсын Их хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.
Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний 1 дэх зорилгод хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлэхээр заасан бөгөөд хууль тогтоомж болон хууль тогтоомжийн төслийг боловсруулах, төлөвлөх, өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлах, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, тайлагнах бүх үе шатанд хүн төвт үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх зарчим, шаардлагыг тэргүүн эрэмбэд тавих зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилгын хүрээнд уг хуулийн төслийг боловсруулжээ.
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар танилцуулснаар,
Хуулийн төсөлд Улсын Их Хуралд өргөн мэдүүлж буй хууль тогтоомжийн төслийг хүний эрхийн нийцлийг тодорхой аргачлалаар үнэлдэг болох, захиргааны хэм хэмжээний актаар хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан аливаа зохицуулалт тусгахгүй байх, хууль тогтоомжийн төсөл боловсруулахдаа холбогдох төрийн байгууллага, иргэд, олон нийтээс өгсөн санал болон тухайн саналыг төсөлд тусгасан эсэхээ нэг бүрчлэн тайлбарлаж, үндэслэлийг дэлгэрэнгүй танилцуулгад тусгадаг байх, тав ба түүнээс дээш жил дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийг шинэчлэн найруулах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд биелэлтийн үр дагаврын үнэлгээг хийж, үнэлгээний үр дүнг хэлэлцүүлсэн байх зэрэг шаардлагуудыг тусгажээ.
Тухайн хуулийн төслийг боловсруулахдаа холбогдох төрийн байгууллага, яамд, Монголын хуульчдын холбоо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Улсын дээд шүүх, багш, судлаачдын дунд олон хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
Эх сурвалж: Улсын Их хурлын Хэвлэл мэдээллийн газар











