



















Удалгүй Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хүчингүй болгож, яамдад дэд сайд, агентлагуудад дэд дарга томилж Засгийн газар “амиа” бөхлөх бололтой. Энэ хуулийг хүчингүй болгох төслийг Эдийн засаг, Хөгжлийн сайд Л.Гантөмөрийн баг боловсруулсан бөгөөд хэзээ өргөн барих, хэн өргөн барих нь тодорхойгүй байна.
Ингэхдээ “Асуудал эрхэлсэн сайд”, “Орлогч сайд”-ын аль нэгээр нь дэдүүдээ нэрлэх бөгөөд нэг сайдыг хоёр ч дэд сайдтай ажиллуулах тухай яригдаж буй гэнэ.
Хэрэв хуулийн тийм боломж нээгдвэл Засгийн газрын 16 яам 30 орчим орлогч сайдтай болж Засгийн газар тогтворжино гэж үзэж буй бололтой. Ингэхдээ дэд сайдуудын талыг УИХ-ын гишүүдээс томилж, үлдэснийг МАН, АН, ХҮН-ынханд квотлон олгохоор зураглаж. Үргэлжлүүлэн агентлагийн дэд даргын орон тоонд МАН АН ХҮН-хан өөрсдийн хүмүүсээ оногдсон квотын дагуу томилохоор тохиролцжээ.
Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5.4-т заасан "Энэ хуульд заасныг зөрчиж тэргүүн дэд, дэд, орлогч дарга, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох, орон тоог хэвээр хадгалахыг хориглоно" гэсэн заалтыг хүчингүй болгосноор төрийн өмчит компаниудад мөн л дэдүүд томилох гарцыг нээсэн. Тиймээс энэ оны яам, агентлаг, ТӨХК-уудын төлөвлөгөөнд дэдүүдийг шигтгэж боловсруулаарай гэсэн чиглэл дээрээс ирэх болсон гэх. Зарим том төрийн өмчит компаниуд хос дэдтэй байх тухай ч яригдаж байна.











