



















АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Израиль, Иран хоёулаа түүний зуучилсан гал зогсоох гэрээг зөрчсөн хэмээн мэдэгдэв. "Хаагт" болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад явахаасаа өмнө сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгч Доналд Трамп хоёр талын аль алинд нь сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн ч ялангуяа Израильд илүү их шүүмжлэлтэй хандсан байна.
Тэрбээр Израиль гал зогсоохоор тохиролцсоныхоо дараахан Иранд “Цохилт өгсөн” хэмээн хэлсэн.

Мөн Доналд Трамп Ираны цөмийн чадавхийг бүрмөсөн устгасан байж болзошгүйг анхааруулсан байна.
Түүний мэдэгдэл Израилийн армийнхан Иранаас Израиль руу пуужин хөөргөснийг илрүүлсэн бөгөөд хариу цохилт өгөхөд бэлэн байгаагаа зарласны дараа гарсан юм.
Энэ бүхэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр орны хооронд хэдэн өдрийн турш үргэлжилсэн "Цус асгаруулсан" агаарын халдлагын дараа гал зогсоох гэрээг хүчин төгөлдөр боллоо хэмээн зарласнаас хойш хэдхэн цаг өнгөрөөд байна.
Израилийн Батлан хамгаалахын сайд Исраэль Кац Ираны пуужингийн цохилтыг “Гал зогсоох гэрээний зөрчил” гэж нэрлээд, армидаа “Тегераны дэглэм дэх төв байрнуудад маш эрч хүчтэй цохилт өгөх тушаал өгсөн" гэж мэдэгдсэн.
Харин Ираны төрийн мэдлийн телевизийн мэдээлж буйгаар, гал зогсоох хэлэлцээр хийгдсэнээс хойш Израиль руу халдсан гэх мэдээллийг “няцааж” байна.
Мягмар гарагийн өглөө Трамп Израиль, Иран хоёрын хооронд гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болсныг зарлаж, талууд дахин зөрчих ёсгүйг онцолж байсан. Угтаа энэхүү мэдэгдэл хоёр орны 12 хоног үргэлжилсэн мөргөлдөөн эцэслэгдэх болов уу гэсэн хүлээлтийг үүсгэсэн юм.
Трампын мэдэгдлээс үүдэн гал зогсоох хэлэлцээр үе шаттай хэрэгжиж, одоо үргэлжилж буй агаарын цохилтууд дуусах нь гэсэн таамаг гараад байсан ч өнөөдөр Иран Израиль руу пуужин харваж, дөрвөн хүний аминд хүрсэн гэж "Ройтерс" агентлаг Израилийн түргэн тусламжийн байгууллагын мэдээг иш татан мэдээлсэн бол Тегеран Израилийн хойд Иранд өгсөн цохилтод есөн хүн амиа алдсан гэж мэдээлсэн.
Израиль АНУ-тай хамтран ""Ираны цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрийг зогсоох зорилготой байсан" гэж мэдэгдсэн бөгөөд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Тус ажиллагаа зорилгодоо хүрсэн” тул зэвсэгт мөргөлдөөнөө зогсооход бэлэн гэдгээ илэрхийлжээ. Харин Иран цөмийн хөтөлбөрөө энхийн зориулалттай хэмээн хамгаалсаар байгаа юм.
Гэсэн ч гал зогсоох хэлэлцээрийн үргэлжлэх хугацаа тодорхойгүй хэвээр байна. Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи цаашид өдөөн хатгасан үйлдэл гаргахгүй бол Тегеран хариу цохилт өгөхгүй гэдгээ мэдэгдсэн бол энэ байр суурийг Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мөн давтан илэрхийлсэн.
Гал зогсоох хэлэлцээрийн дараа газрын тосны үнэ эрс унасан ч гэрээ тогтвортой байж чадах эсэхтэй холбоотой болгоомжлол байгаагаас гэнэтийн алдагдал нөхөгджээ.
Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд АНУ Ираны цөмийн объектууд руу цохилт өгсөний дараа Тегеран Катар дахь Америкийн цэргийн бааз руу хариу цохилт өгсөн. Уг довтолгооны үеэр хүний амь эрсдээгүй бөгөөд хөрөнгө оруулагчид энэ цохилтыг бэлгэдлийн шинжтэй, хурцадмал байдлыг намжаах зорилготой гэж үзсэн байна.











