



















АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-тай таарамж муудаж буй энэ үед Украинд “Дайрах зориулалттай пуужин” нийлүүлэх шинэ төлөвлөгөөг зарлахаар төлөвлөж буйг Axios мэдээллээ.
Ням гарагийн орой Axios-ийн хоёр эх сурвалжид үндэслэсэн мэдээллээр Доналд Трамп Даваа гарагт буюу өнөөдөр уг төлөвлөгөөг зарлах магадлалтай гэжээ.

Энэ мэдээлэл нь ням гарагт Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гал зогсоох хэлэлцээрийг урагшлуулах сонирхолгүй байгаа болон Киев рүү хийх халдлагаа эрчимжүүлж байгаад бухимдлаа илэрхийлсний дараа гарч байна.
Өмнө нь Доналд Трамп хурцадмал байдлыг гааруулахгүйн үүднээс Украйнд зөвхөн хамгаалалтын зэвсэг илгээхийг санал болгож байсан бол одоо дайрах зэвсэг илгээхээр шийдсэн нь түүний бодол ихээхэн өөрчлөгдсөн нь харагдаж байгаа юм.
ОХУ, Украин улс сүүлийн долоо хоногт харилцан довтолгоо хийсэн нь Трампын гал зогсоох зуучлалыг үр дүнгүй болгожээ.
Ням гарагт Доналд Трамп сэтгүүлчдэд мэдэгдэхдээ АНУ-аас Киевт өндөр технологийн цэргийн техник хэрэгсэл, үүнд Patriot агаарын довтолгооноос хамгаалах систем нийлүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Мөн тэрээр, энхтайвны талаар мэдэгдэл хийчихээд цэргийн довтолгоогоо улам хүчтэй болгож байгаад Владимир Путинд маш их урам хугарч байгаагаа илэрхийлжээ.
ОХУ-Украины дайн гурван жил гаруй үргэлжилж байгаа бөгөөд Доналд Трамп энэ дайн гармагц зогсооно гэж мэдэгдэж байсан ч байдал улам хүндрээд байгаа юм.
Нөгөөтэйгүүр, өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан бусад мэдээллээр Вашингтон Москвагийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар судалж буй ажээ.











