



















Лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Төлөөлөгчдийн танхим түүний “тун сайхан хууль”-ийг энэ орой хэлэлцүүлж, санал хураахад бэлэн болсон" гэж мэдэгдэв. Тэрээр Бүгд найрамдахчууд нэгдмэл байр суурьтай байгааг онцолжээ.

“Төлөөлөгчдийн танхим өнөө орой санал хураах бололтой... Бүгд найрамдахчуудын олонх нэгдэж, манай улсын сайн сайхны төлөө хамгийн их татварын бууруулалт хийснээр ИХЭЭХЭН ХЭМЖЭЭНИЙ эдийн засгийн өсөлтийг авчирах болно” гэж Трамп өөрийн нийгмийн сүлжээ болох Truth Social платформ дээр бичжээ.
Ерөнхийлөгч Доналд Трампын өргөн хүрээтэй татвар бууруулах болон зардлын хууль Сенатад Мягмар гарагт маш бага саналын зөрүүтэйгээр батлагдаж, Дэд ерөнхийлөгч Ж.Д. Ванс тэнцсэн саналд шийдвэр гаргах санал өгсөн юм. Үүний дараа хуулийн төсөл Төлөөлөгчдийн танхимд шилжсэн байна.
Одоо Төлөөлөгчдийн танхим уг хуулийн төслийг хэлэлцүүлэх эсэхийг шийдэх эсэхээр санал хурааж байгаа бөгөөд энэ нь хуулийн төсөлд хэлэлцүүлэг хийхийн тулд зайлшгүй шаардлагатай алхам юм. Трамп өөрийн санаачилсан хуулиа долдугаар сарын 4-ний дотор батлуулах зорилт тавиад байгаа.
Энэхүү хуулийн төслийг Ардчилсан нам хүчтэй эсэргүүцэж байгаа бөгөөд зарим Бүгд найрамдахчууд ч АНУ-ын өрийн түвшин, төсвийн эрүүл байдалд нөлөөлнө хэмээн шүүмжлэлтэй хандаж, болгоомжилж байна.
Трамп Лхагва гарагт Цагаан ордонд энэхүү хуулийг эсэргүүцэж буй Бүгд найрамдахчуудын заримтай уулзсан бөгөөд “Бид ӨНӨӨДӨР маш сайхан яриа өрнүүллээ” хэмээн мэдэгдэв.
Энэ долоо хоногийн эхээр хийгдсэн хараат бус дүн шинжилгээгээр уг хууль дараагийн 10 жилд АНУ-ын өрийг 3.3 их наяд ам.доллараар нэмэгдүүлж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан. Тус улсын нийт өр аль хэдийн 36 их наяд ам.долларт хүрээд байгаа билээ.
Уг хууль нь Трампын 2017 оны татварын хөнгөлөлтийн багцыг сунгахын сацуу хил хамгаалалт болон батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлэх төсөв мөнгөний санхүүжилтийг багтааж байгаа юм.











