



















“Доналд Трампын засаг захиргаанаас “Европын Холбоо”-нд шинэ татвар ногдуулах тохиолдолд хариу арга хэмжээ авна” гэдгээ Еврокомиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен амласан нь АНУ болон Европын Холбооны хооронд худалдааны хурцадмал байдал нэмэгдэж байгаагийн шинж хэмээн үзэхээс аргагүй байна.
Мягмар гарагт гаргасан мэдэгдэлдээ Урсула фон дер Лейен “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Еропын Холбооноос импортлож буй бүх төрлийн ган, хөнгөн цагаан, түүхий эд материалд 25 хувийн татвар ногдуулах шийдвэр гаргасанд гүнээ харамсаж байна” гэжээ. Тэрээр худалдааны тарифыг "татвар" гэж тодорхойлоод, "энэ бол бизнесийн хувьд муу, хэрэглэгчдийн хувьд маш муу" гэсэн байна.
"Европын Холбооны үндэслэлгүй тарифт нь бид удахгүй хариу өгөх болно - Бид хатуу, пропорциональ эсрэг арга хэмжээ авах болно" хэмээн Урсула фон дер Лейен хэлээд холбооны гишүүн 27 улс "Эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалах" арга хэмжээг нэмж авах болно гэжээ.
Даваа гарагт Ерөнхийлөгч Доналд Трамп татвар ногдуулах давхар тушаалд гарын үсэг зурж, Канад, Мексик, Өмнөд Солонгос болон бусад холбоотнуудад Байдены засаг захиргааны үед мөрдөгдөж байсан худалдааны бодлогыг цуцалсан гэдгээ мэдэгдсэн.
Энэхүү татвараас гадна, хэдэн зуун мянган бүтээгдэхүүнд хамаарах тарифын хөнгөлөлтийг арилгах арга хэмжээ нь сая сая тонн бараа материалын импортод хамаарахаар болоод байгаа юм. Уг арга хэмжээ гуравдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ гэсэн товтой байгааг “Цагаан ордон”-ны албаны хүнээс иш татан хэвлэлүүд мэдээлж байгаа юм.
Уг тарифын бодлогод гадаадад үйлдвэрлэсэн металл, мөн ашигласан бусад бүтээгдэхүүн ч хамрагдах болсон ажээ.
Энэхүү өөрчлөлт нь АНУ-ын худалдааны бүх түншүүдэд "чөлөөлөлтгүйгээр" хамаатай гэж мэдэгдсэн. Доналд Трамп уг алхмаа "Америкийг дахин баян болгох" гэсэн өргөн хүрээний түлхэлтийн нэг хэсэг гэж нэрлээд байгаа юм.
Хөрөнгө оруулагчид дэлхийн худалдааны бодлогод протекционизм улам бүр газар авч, нэмэгдэхвий гэсэн санаа зовнилттой байна.











